Турк, Сирид амь эрсэдсэн хүний тоо хоёр дахин нэмэгдэж болзошгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-02-12 13:14:38

АНКАРА. /AFP/. Турк, Сирид хүчтэй газар хөдөлснөөс хойш долоо орчим хоногийн хугацаа өнгөрч байгаа энэ үед аврагчид барилгын нурангиас долоон сартай хүүхэд, өсвөр насны охиныг аварчээ.


Байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 28 мянгын босгыг даваад байна. Харин Туркт бямба гарагт хүрэлцэн ирсэн НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Мартин Гриффитс амь эрсэдсэн хүний тоо хоёр дахин нэмэгдэж болзошгүйг анхааруулсан байна.


Аврах албаны олон арван мянган алба хаагчид тэсгим хүйтнийг үл хайхран нурангин доороос амьд үлдсэн хүмүүсийг олж аврахын тулд эрэн хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Тухайлбал, Туркийн зүүн нутгийн Хатай мужаас долоон сартай хүүхдийг газар хөдлөлт болсноос 140 гаруй цагийн дараа, мөн Газиантеп хотоос 13 настай охиныг аварчээ.


М.Гриффитс Туркийн Кахраманмарас мужийн байгалийн гамшигт өртсөн бүсийн нөхцөл байдалтай бямба гарагт биечлэн танилцсаныхаа дараа “Sky News” телевизэд мэдээлэхдээ, амь эрсэдсэн хүний тоо хоёр дахин, цаашлаад түүнээс ч ихээр нэмэгдэж болзошгүй байна хэмээн хэлжээ.


НҮБ-аас анхааруулж буйгаар, Сирид 5.3 сая хүн орон гэргүй болсон байж магадгүй бөгөөд Турк, Сирид хамгийн багадаа 870 мянган хүн халуун хоол унд идэх шаардлагатай байна. Мөн газар хөдлөлтөд 26 сая хүн нэрвэгдсэн гэсэн тооцоог ДЭМБ танилцуулаад, эрүүл мэндийн тусламж дэмжлэг үзүүлэхэд 42.8 сая ам.долларын санхүүжилт нэн шаардлагатай байгааг мэдэгджээ. 

Related news