СОЁЛЫН ЭЛЧ: Э.Ариунболд: Хаадын соёлын өвийг хүүхэд залуучууд, олон улсад таниулах нь чухал байна

ТОЙМ
boloroo8136@gmail.com
2023-02-14 09:21:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын элч, уран бичээч Э.Ариунболдтой ярилцлаа.


Тэрбээр 2022 онд Соёлын элчээр томилогдсон. Аргун хааны захидал, Абага хааны захидал, Абага хааны зарлиг бичиг, Хасан хааны захидал, Өлзийт хааны захидал, Гүег хааны захидал, Кебек хааны захидал, Хубилай хааны зарлиг, Чингисийн чулууны бичээс, Цогтын хадны бичиг-1, 2, Занабазарын Соёмбо бичгийн дурсгал зэрэг Монголын Их Хаадын захидал болон бусад томоохон бичиг соёлын дурсгалыг уран бичлэгийн цуврал бүтээл болгон туурвисан юм.

 

-Та үндэсний бичиг үсгийн соёлоо түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хаадын бичгийг бүтээл болгон судлах судалгааны ажлаа хэзээнээс эхлэв?

-Судалгааны ажлаа 2015 оноос эхэлсэн. Түүнээс өмнө МУБИС, Монгений коллеж,Урлах эрдмийн сургуульд багшилсан. Бусад уран бүтээлчдээсээ багш мэргэжлийн суурьтай учраас мэдсэн сурснаа хүнд зааж сургах, судлаач багш суурьтай гэдгээрээ ялгарахыг хүсдэг. Анх 7 дугаар ангидаа монгол бичгийн улсын уралдаанд дэд байрт шалгараад Монгол бичиг-Уран бичлэг сонирхож эхэлсэн. Монгол Улсын гавьяат багш Ш.Чулуунбор миний багш. Тухайн үедээ бас кириллээр маш цэвэрхэн бичдэг байлаа. Уран бичлэгийн Д.Ганбаатар багшийн бийрийн бичлэгийн сургалтад 2015 онд таниулах сургалтад нэг өдөр явсан. 2000 онд магистр хамгаалж байхдаа Хүүхдийн ордны Жалайр Батбаяр багшийн уран бичлэг явуулж байхыг хараад гоё юм, сурна даа гээд яваад байсан. Тухайн үед бид хоёр хамт магистрын зэрэг хамгаалан, би Япон явсан. 2015 онд Урлах эрдмийн захирал маань Хүүхдийн парк дээр уран бичлэгийн нэг өдрийн сургалт явж байна. Очиж сонирхооч гэсэн. Бийрээр бичиж буй хүмүүсийг харж, ерөнхийд нь заалгасан.

 

Уран бичлэгээр бичсэн хаадын захидлаас Гүюг хааны захидлыг анх, дараа нь Өлзийт хааны захидлыг үзсэн. Сайхан санагдаад Өлзийт хааны захидлыг бийрээр бичиж үзэх гэтэл болоогүй. Тэгэхээр нь фломастераар бичихэд дөрвөлжин хэмтэй болохоороо гоё болсон. Хулсан үзгэрхүү юм байна гээд хоол иддэг хулсан савхыг үзүүрлэн бичиж үзсэн. Олон дахин бичсээр гарт орсон доо.

-Та хаадын хэчнээн захидлыг бүтээл болгоод байна вэ? Ер нь хэчнээн захидал байдаг юм бол?

-Манай эрдэмтдийн орчуулж, хэл шинжлэл талаас нь судалсан судалгааны баримт гэвэл 13 захидал бий. Надад Ватиканы архиваас очиж авах эрхзүйн акт байхгүй. Бямбын Ринчен гуай Ватиканы архивт очиж нэг өдөржин болсон юм билээ. Тэгэхдээ, “Маш их баримт байна, гэхдээ хоёрхон захидал харж амжсан” гэжээ. Үзэж болох эрх нь тухайн улсын Ерөнхийлөгч, шинжлэх ухааны хэл шинжлэлийн судлаачдад байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж Абагаа хаан, Гүюг хаан, Кэбэк хааны захидлын А копи хуулбарыг нь авч ГХЯ-нд авчирч өгсөн юм билээ. Сүүлд Ромд ажиллаж байсан Элчин сайд хуулбарыг нь авчирч нэг хувийг өгсөн. Мөн доктор Б.Нямаа гуайд Гүюг хааны, Абагаа хааны захидлын А копи хуулбар нь байдаг. Би тэр захидлуудаас хуулбарлаж байгаа. Түүнээс биш Ватиканы архивын эрх байхгүй л дээ. Гэхдээ би очиж судлах хүсэлтээ ГХ-ны сайдад өгсөн. Мөн Оросын Улаан-Үдийн архивт орж үзсэн. Тэд монгол бичгээр мэдэхгүй учир намайг уншиж өгөөч гэсэн юм. Сүм хийдэд хадгалагдаж байсан маш олон баримт байдаг. Манайхны хамгийн гол баримт сүм хийдэд хадгалагдаж байсан юм билээ. Тухайлбал, Дорж гэдэг хүн хэдэн оны,  хэдэн сард, сүмд өргөл барьц өргөсөн, хэдэн хүүхэдтэй, хаана амьдарч байсан, ямар өргөл барьц өргөж байсан тухай мэдээлэл тэнд бий. Буриадууд архиваас угийн бичгээ олж авах гэж намайг гуйж оруулсан юм. Хэлмэгдлийн үед ямар их бичиг баримт мэдээлэл устаж үгүй болсон болоо гэхээс харамсаж явдаг.

 

-Хаадын захидлын үг, өгүүлбэр бүрийг бодож, утга бэлгэдэл шингээж, өндөр түвшинд хянаж байж явуулдаг байж таарна. Тиймээс үг үсэг, өгүүлбэр зүйн талаас нь маш их судалгаа шаардах байх?

-Монголчууд бидний хувьд судлах асар их материалтай хүмүүс. Хаадын захидлыг бичээд гадагшаа авч явахад зарим захидлын доторх үг хэллэг хатуу байдаг. Тухайлбал, “Наран ургах зүгээс наран жаргах газар нутаг бидний нутаг. Бидэнтэй энхтайвнаар зэрэгцэн оршихыг хүсвэл бидэнд алба гувчуур, татвараа төлөөд бидний мэдэлд байх” гэх мэт утгыг агуулна гэдэг бол дайтахгүйгээр буугаад өг гэсэн утга явж байгаа юм. Мөн Гүюг хааны захидалд, “Хэрвээ бидний энэ болзлыг эс зөвшөөрвөөс өөрсдийнхөө давуу байдлыг гаргасан, байршлаа сонгон, дуртай цаг хугацаагаа товлоод дайнд бэлтгэ. Дайны хөлөөс хүүхэд, хөгшид настайчуудыг бүгдийг нь хол байлга” гэсэн нь хэзээд ямар ч нөхцөлд эзлэх нь тодорхой учир та нар дайтах ашигтай байршлаа сонго гэх утга бүхий захидалдаа дурдсан нь өөрсдөдөө итгэлтэй байгаагийн шинж юм. Аргун хааны захидалд ч гэсэн “Француудаас цэрэг дайны хавсрах тусламж хүсэж очих зуураа зам дагуу одоогийн Израил буюу Иерасулимийг бэлгэнд өгье” гэдэг. Тэгэхээр ямар хүчирхэг, агуу, ямар ч тохиолдолд дийлэх нь тодорхой гэдэг утга захидалд нь харагддаг байна. Тийм захидлыг орчин цагийн хүмүүст үзүүлэх юм бол ямар ч улс орон дуртай байхгүй. Эзэнт гүрний хүчирхэг байсан гэдгийн баримт юм л даа.

-Үндэсний бичиг үсэг, өв соёлоо олон улсад түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдол юу вэ?

-Соёлын үнэт өвийг хүүхэд залуучуудад таниулах нь маш чухал ач холбогдолтой.  Бид бичиг соёл, өв уламжлал, түүхэн баримтыг хүүхэд залууст хүргэснээр бидний өвөг дээдэс ямар агуу байсныг олон улсад таниулах, үүгээрээ бахархах хэрэгтэй байна. Өнөөдөр биднийг 100 гаруйхан жилийн бичиг үсгийн соёлтой ард түмэн мэтээр зарим улс орнууд үзэж байна. Өнөөдрийг хүртэл эсгий гэр туургатай, нүүдэлчин соёл ахуйтай ард түмэн түүнийгээ хадгалж авч үлдсэнээрээ бид өв соёл ёс заншлаа авч аварч үлдэж байгаа юм. Түүгээр нь бүдүүлэг харанхуй улс гэж ойлгож огт болохгүй. Маш их соёлын өвийг өнөөдрийг хүртэл тээгээд аваад ирсэн нь манай эрдэмтэд судлаачид археологичдын бодит баримт судалгаагаар илэрч байгаа юм.

 

-Хаадын захидлыг монгол хүн бүр мэддэг, хүүхэд залууст таниулах нь чухал. Манай хаад ийм агуу байжээ гэхчлэн. Соёлын элчийн хувьд энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Өнгөрсөн 12 дугаар сард Казахстанд хаадын захидлаар үзэсгэлэнгээ гаргасан. Миний хувьд Японд болон ОХУ, АНУ-д Жорж Вашингтоны их сургуульд илтгэл тавьж байлаа. Мөн Дэлхийн банк, ЮНЕСКО-гийн Иран дахь Олон улсын Каллиграфичдын хуралд илтгэлээ тавьж байсан. Мөн Оросын ШУА-ы урилгаар үзэсгэлэн гаргалаа.


Гадагшаа яваад гадны улс орнуудад Монголынхоо Их хаадын захидлыг таниулж байгаад Монголдоо ирэхэд  хэн ч тоож хүлээж авч байгаагүй. Энэ чиглэлээр явж байгаагийн гол зорилго нь хаадын соёлын өвийг хүүхэд залуучуудад таниулах, соёлын үнэт өв болгон үлдээх, олон улсад таниулах нь чухал. Тиймээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авч, “Та хаадын захидлыг олон улсад таниулах Монгол Улсын Соёлын элч байх ёстой хүн мөн” хэмээн 2022 онд Соёлын элчээр томилсон. 

-Хаадын захидлыг бүтээл болгон аваад очиход тань Казахстанд очиход хэрхэн хүлээж авав?

-Намайг очиход Казакстаны Абайн их сургууль хүлээж авсан юм. Монгол Улсын Соёлын элч хаадын захидлыг бариад ирсэн хэмээн 50 гаруй эрдэмтэн цугларсан. Наян настай эмэгтэй эрдэмтэн, “Чингис хааныг казах хүн гэдэгт итгэдэг үү” хэмээж байсан. Тэгэхээр нь “Дэлхийн түүх Монголын түүхийг хүлээн зөвшөөрөөд байхад ингэж болохгүй” гэсэн л дээ. Тиймээс бичиг үсгийн дурсгалтай холбоотой зүйлийг олон улсад таниулах нь бидний хувьд чухал байна. Тиймээс авч очсон бүтээлүүдээ Казахстан дахь Монголын ЭСЯ-ндаа үлдээгээд ирсэн дээ.


Бүтээлдээ археологийн олдвороос оруулан луу бол манайх шүү гэдгийг харуулахыг зорьсон. Хятадууд олон улсад лууг хятадынх гээд ойлгуулчихсан. Гэтэл хятадаас өмнө монголчууд хэрэглэж байсан. Хятадууд хэлбэр дүрсийг нь өөрчлөн могой шиг болгосон. Манай луу эвэртэй, бэлгэдлийн өөр дүрстэй амьтан. Бэлгэдэл талаасаа өөрийнхөө загвараар дээд талд нь “Аригун” гэрэгэтэй хийж, бүх бүтээлээ арьсан дээр хийж авч явсан. Өмнө нь Америк, Япон, Франц руу жаазтай бүтээл авч явахад тээврийн зардал нь өндөр гарсан юм. Тэгээд энэ удаа бүгдийг нь арьсан дээр хийж, хуйлаад хоёр чемоданд багтаасан.  Казахстанууд, “Та 40-50 бүтээлтэй ирнэ гэсэн. Том талбай гаргах хэрэг байсан юм уу” гэхээр нь бүтээлүүдээ дэлгэхэд танхим дүүртэл тэд “Аргагүй нүүдэлчид юм аа” гэж байсан. Энэ бол миний энэ удаагийн явалтын хамгийн авсаархан оновчтой санаа байсанд баяртай байдаг.


Абайн их сургуулийн үе үеийн ректоруудын хүндэтгэлийн танхимд алт мөнгөн зооснуудаа тавьж, дөрвөлжин, эвхмэл бичгийн дурсгалууд, Гүюг хааны захидлыг бүгдийг нь арьсан дээр хийсэн үзэсгэлэнгээ дэлгэсэн.

 

Казахстан дахь Монголын ЭСЯ хүндэтгэлийн өргөөндөө бэлэг дурсгал болон уул усны байгалийн зурагнуудтай. Тэгэхээр нь “Гадны дотны хүмүүс ирэхэд та бүхэн Монгол Улсыг төлөөлж байгаа учир түүхээ сайн сурталчилах хэрэгтэй. Захидал харилцаа бол дипломат харилцааны хамгийн тод үйлдэл учир орчин цагийн гадаад паспорт гэгддэг гэрэгэг тухайн үеийн дипломатууд авч явж байсныг тайлбарладаг байх ёстой. Гаднаас ирсэн зочид төлөөлөгчдөд хаадуудын тухай үүх түүхээ яривал ЭСЯ-ны ажилтнуудыг үнэлнэ гээд дөрвөлжин, монгол бичиг, эвхмэл дөрвөлжин бичигтэй гурван гэрэгэг өгсөн. Түүхээ судалж, түүхээ ярих хэрэгтэй гэж боддог. “Чингис хаан казах хүн” гэж ярьж байгаа улсуудын дунд түүхээ бүр илүү мэдэх хэрэгтэй шүү дээ.

 

Үүний дараа Швед, Америк, Германаас ирэхийг уриад байгаа. Дипломат ёсыг манай монголчууд дэлхийд анх үүтгэсэн юм гэдгийг ойлгуулах гол зорилготой. Соёлын элчийн хувьд цаашид олон ажил хийхээр төлөвлөсөн.

-Энэ жилийн хувьд үзэсгэлэнгээ хаана гаргах вэ?

-Одоогоор үзэсгэлэнгээ Швед, Германд гаргахаар төлөвлөөд ярилцаад л байж байна. ГХЯ-наас томилолт өгвөл явна. Мөн БНСУ-ын Тэжёонийн их сургууль урьсан. Гадагш явах гэхэд зардал ихтэй, бүгдийг өөрөөсөө гаргахад хэцүү. Бүтээлийн зардал мөнгө хэрэгтэй. Хэрвээ санхүүжилт олдоод Аргун хааны соёлын үнэт бүтээл хийх юм бол Чингис хааны музейд байршуулах бодолтой явна. Хамгийн гол энэхүү зорилгоо биелүүлбэл соёлын үнэт өвийг хүүхэд залуучууддаа болон Монгол Улсдаа үлдээх юм. Бүтээлээ Ганжуур Данжуурын түвшинд хийхээр төлөвлөж зорьж байна. Хаадын захидлыг барьж авна гэдэг чанга л даа. Тиймээс би зөв сэдвээ барьж авсан гэж дотроо баярладаг. Үүнийг хийхийн тулд сурах, судлах, үзэх, харах, эрдэмтэдтэй уулзах ярилцах зэрэг хэрэг зөндөө л гарна. Сурч судалж буй судалгааныхаа ажлаараа ном товхимол гаргах гээд ажил зөндөө их байна.

-Сүүлийн үед бийрийн бичлэг их хөгжиж байна. Хаадын захидлуудад байгаа тигээр орчин үед бийрээр урлах бололцоотой юу?

 -Бийрийн бичлэгийг манайд анх уран бичлэгийн мастерууд дүрслэх урлаг суурьтай хүмүүс хөгжүүлсэн. Арт буюу уран сайхны байдлаар гарч ирсэн учраас өнөөдрийг хүртэл хүмүүсийн сонирхлыг татаж байна. Харин уламжлалт байдлаар буюу хэл шинжлэлийнхний бичдэг хичээнгүй бичгийн тигээр явсан бол хүмүүс өнөөдрийн түвшинд хүрч хүмүүс сонирхохгүй байх байсан болов уу?


Уран бичлэгийн урлагт манай зураач, уран бүтээлчид Д.Баттөмөр агсан, Д.Батбаяр багш нарын ач гавьяагаар уран бичлэг, бийрийн бичлэгийн урлаг гайхамшигтай хөгжсөн.


Сонгодог монгол бичгийн тигийг бийрээр бичих боломжгүй. Тиг, технологи нь өөр учир сонгодог монгол бичгийн тигийг бийр бариад бичнэ гэж байхгүй. Хулсан үзэг юмуу төмөр үзгээр бичнэ, материалынх нь шинж чанар өөр өөр учраас бийрээр бичих боломжгүй. Үүнийг суралцана гэдэг мэргэшсэн, мэргэжсэн, сэтгэл зүрхээ өгсөн хүмүүс л явна. Түүнээс биш дуртай болгон нь барьж авах салбар биш л дээ. Цаг хугацаа их шаардана. Харин бийрэн бичлэгийн шинж чанар дахин давтагдашгүй. Үснийх нь өргөн, нарийн гарч буй мэдрэмж өөр өөр байдаг. Би уран бичлэгт бийрээр бичих дуртай. Гэхдээ бас бодох юм бий хэт их хөгжүүлбэл нэгдүгээрт хятад гаралтай азийн урлаг, хятадын гохо, японы шодо зэрэг уран бичлэгийн хэлбэр өөрсдөө бичгийн хэлбэр цаасан дээр бийрээр явж буй даралт, өргөлт, цохилт, хаялага өөр юм. Хулс, яс, төмөр үзгийн технологиуд бас өөр. Бийрийн бичлэгээр бичиж буй хүн сонгодог монгол бичгийн тигээр шууд бичнэ гэж байхгүй. Түүнийг давхар эзэмшсэн хүн цаашаа давхар чадавхижиж байж гүнзгийрч явна. Тэгэхээр орчин цагийн монгол бичгийг мэддэг хүн бүр сонгодог монгол бичгийн тигийг уншихгүй бас бичихгүй байгаа юм. Бичвэрийн тиг, технологи, хийц, материал нь өөр учраас судалгаа хийсэн хүн цаашаа сурч судалж гүнзгийрч явна. Сурахад амархан биш, нэлээд цаг хугацаа хүч хөдөлмөр шингээж байж хэдэн жил судалсны дараа болох байхаа.

-2025 оноос монгол бичиг төрийн бичиг болно. Тэгэхээр хос бичигтэн байх, үндэсний бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд ямар ажил хийвэл зохилтой вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол бичгийг төрийн бичиг болгох гэж байгаад маш баяртай байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө үлгэрлээд зааж байсан нь үнэхээр гайхалтай. Өөрөө монгол бичиг мэдэхгүй ч  сураад зааж байгаа нь соёлын маш том довтолгоо юм. Энэ бол бидний мах, цусанд байх ёстой соёлын үнэт зүйл юм. Хятадууд шиг 20 мянган ханз цээжилбэл төрийн албан хаагч болно, япончууд 10 мянган ханз цээжилбэл энгийн ном, сонин уншиж мэдээлэл авах түвшинд хүрнэ гэсэн стандарт шаардлага тавиагүй байна шүү дээ. Гэтэл бид яагаад 27-хон үсэг цээжилчихэж чадахгүй, монгол бичгээ төрийн бичиг болгон, дээдлээд  олон улсад аваад явж чадахгүй байгаа юм. Арабууд өөрсдийн араб бичгээ урлагийн янз бүрийн хэлбэр болгон барилга архитектур интерьер, уран зураг дүрслэх урлагийн төрлүүдэд ашиглаж байна шүү дээ.


Хоёр жилийн өмнө Иранд болсон олон улсын каллиграфичдын конференцид Монгол Улсаа төлөөлөн оролцож илтгэл тавьсан. Тэгэхэд арабын каллиграфчид өөрсдийн бичиг соёлыг олон улсад гайхуулж чадаж байна. Тэгэхэд бид дотооддоо бие биенээ л хэмлээд л байдгаас биш өөрсдийнхөө соёлыг олон улсад таниулж, дотооддоо хэрэглээнд оруулж чадахгүй л байгаад байна.  Намайг ОХУ-ын Буриадын Улаан-Үдэд очиход буриадууд сарын сургалт авч практикт хэрэглэсэн жишээ зөндөө бий. Нэг хүүхэн амжилт, аз жаргал, хайр гэсэн гурван үгийг бийрээр бичүүлж аваад сурсан. Тэрбээр алт мөнгөөр аксесуар хийдэг. Амжилт, аз жаргал, хайр гэсэн үгээр ээмэг, хүзүүний зүүлт, зангианы хавхлага хийж чимэглэлдээ ашигласан. Тэгээд түүнийгээ борлуулалтад гарган, мих ашигтай ажиллаж байгаа юм. Тэгэхэд бид яагаад үүн шиг энгийн зүйлээ хэрэглээндээ оруулж, амьдралдаа нэвтрүүлж болохгүй гэж?

-Та юугаар бичиж өгсөн бэ. Хулсан үзгээр бичвэл гоё юм байна?

-Бийрээр бичээд таталж өгсөн. Хулсан үзгээр ч бичиж болно. Аз жаргал гэсэн монгол бичигтэй монетан ээмэг, хайр гэсэн бичигтэй хүзүүний гинж, зүүлт зүүнэ гэдэг бол тэдний хувьд маш гоё байх нь ойлгомжтой.

 

-Хадны бичээс эсвэл хаадын захидлын бичээсийн тигээр бичүүлэх юм бол бичиг ч юм шиг хээ ч юм шиг маш сайхан харагдах юм байна?

-Үнэхээр гоё. Бидэнд маш их боломж бий. Манай эвхмэл бичиг, хос уянгын бичиг, дөрвөлжин эвхмэл бичгийг хэрэглээнд оруулж яагаад болохгүй гэж. Казахстан улсын Алма-Аты хотод очиход битүү араб бичгээр бичсэн барилгын нэг хана ямар сайхан харагддаг юм бэ. Мөн Дубайд бас барилгын гадна фасаданд араб бичигтэй бүхэл бүтэн барилга байна. Бидэнд хийх, судлах ажил их бий. Өөрсдөө ач холбогдол өгч, хүчтэй давалгаалж чадахгүй байна.

 

-Уран бичлэг хөгжлийнхөө хувьд зогсонги байдалд орлоо. Нэг хэлбэрт орж, шинэ өнгө төрх уран бичлэгт харагдахгүй байна гэж шүүмжилдэг. Таны хувьд хэрхэн үздэг вэ?

-Мастеруудын тиг буюу Уран бичээч, судлаач  Б.Алтантуяа, Уран бичгийн мастер Ц.Тамир, Уран бичээч багш Д.Ганбаатарынх гээд бичвэрүүд нь шууд танигддаг. Тиймээс өөрсдийн дэг жаяг, тигээр ялгарч байна. Тэдний шавь нар тэр хэлбэр тигээр бичиж байна. Бидний шавь, шавийн шавь нар уран бичлэг зааж байна. Өмнө нь бид сургалт хийдэг байсан бол одоо шавь нарын шавь гээд сургуулийн хүүхдүүд нийтлэг сайхан бичдэг болсон. Нэг талдаа бизнес явдаг байсан бол Д.Батбаяр багшийн хэлдгээр зогсонги байдалд орох нь гарцаагүй. Нөгөө талаар өөрсдийн тигээр бичихэд буруутахгүй. Харин шинэ түвшинд гаргая гэвэл ахуйд оруулж ирэх хэрэгтэй. Дээр дурдсанчлан гоёл чимэглэл, барилга архитектур, компьютер, гар утасны хэрэглээ болгон технологийн шинэ дэвшилд оруулах хэрэгтэй.  Миний хувьд судалгаа талаасаа ном товхимол хийх, олон улсад таниулах чиглэлээр анхаарч байна. Нөгөө талаас олон улсад таниулах нь хамгийн чухал. Жишээ нь, Японд бүжиглэж байгаад том бийрээр бичдэг перформанс каллиграфи арт гэж урлаг байдаг. Үүнийг бага, дунд сургуулийн хүүхдүүд 10, 20-иулаа нийлж бичдэг урлаг юм. Үүнийг монголд хөгжүүлэх бодолтой явдаг. СУИС-ийн  Бүжгийн урлагийн сургуультай хамтран “Мөнх тэнгэрийн бичиг” бүжгэн жүжиг хийхээр ярьж байна. “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжиг бүтээсэн МУГЖ, бүжиг дэглээч, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д.Баярбаатар  миний бичгээр бүжиг дэглэе гэдэг санал тавьсан. “Мөнх тэнгэрийн бичиг” бол Хаадын бичиг захидалтай холбоотой учир хамтарсан ажиллагаа хийж болохоор байгаа юм. Энэ бол перформанс каллиграфи арт буюу өөр урсгал манайд орж ирэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Хүүхэд багачууд, залуусыг татах арга нь хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарын аян дээр том талбай дээр дуулж бүжиглэж хөгжмийн хэмнэлд олуулаа баг болж бичих нь бас гайхалтай урлагийн нэг төрөл юм.

Японд бага, дунд, ахлах сургуулийн хүүхдүүдийн дунд бүжиглэж байгаад бичдэг бийрэн бичлэг, уран бичлэгийн уралдаан фестиваль зохион байгуулдаг. Түүний тулд багш боловсон хүчин, бүжгийн багш хэрэгтэй. Бүжгээр дамжуулан хүүхдэд гоо зүйн боловсрол олгох, нэгдмэл нэг багаар ажиллах, гоо зүйн боловсрол олгох, хөгжмийн хэмнэлийг мэдрэх, дүрслэх чадварыг хөгжүүлэх гээд олон талын ач холбогдолтой нэгдмэл урлагийн төрөл юм даа.


Хүрз шиг том бийр барьж, бүжиглэж байгаад бичнэ гэдэг биеийн хөдөлгөөн, хэлэмж, бичгийн дүрслэл зүй, гоо зүй, орон зайн мэдрэмж гээд тэр бүгдийг мэдэрнэ. Үндэсний хувцас, үндэсний хэлбэр агууламж орсон, аялгууг сонсож бичнэ гэдэг үнэхээр гайхамшиг. Би бийрээр бичихдээ Б.Шарав гуайн аян дээр бичих дуртай. Аялгуу сонсоно. Монгол бичгээр бичихэд бясалгал хийж байгаа юм шиг тайвширдаг. Аялгуу сонсож сэтгэлийн хөдөлгөөн гаргана, хөдөлгөөн дагаж бүтээл гоё бичигдэнэ гэдэг бол урлаг. Бүжиг, дуу хөгжим, зураг, дүрслэл зүй хосолсон перформанс каллиграфи арт урлагийг монголд хөгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Үүнд  каллиграфичид, уран бичээчдийг нэгдээд юм хийгээсэй гэж хүсдэг. Сургуулийн багш нарт сургалт явуулахыг хүсдэг. Миний хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд зөндөө олон ажил хийдэг. Хөдөө орон нутгийн сургуулиудад сургалт, онлайн сургалт, гадаадад байгаа  монголчуудад зориулсан сургалт зэрэг олон сургалтыг зохион байгуулдаг. Мөн Сүхбаатар аймагт миний нэрэмжит “Жаахан шаргын нутаг” уран бичлэгийн уралдаан зохион байгуулдаг. Санхүүжилтийг нь манай Урлагийн боловсролыг дэмжих “Титэм арт академи”-иас гаргадаг. Сүхбаатар аймгийн бүх сумын төрийн албан хаагч, сурагчид, хувь хүмүүс оролцсон сайхан ажлыг Бичиг үсгийн баярын өдрөөр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Мөн Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллаж байна. Тиймээс аймаг, орон нутгийн Соёлын төв, сургуулиудтай хамтран перформанс каллиграфи арт урлагийг дэлгэрүүлэхээр ажиллахыг маш их хүсэж байна даа. Түүнчлэн Улаанбаатар хот, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймагт үндэсний бичиг өв соёлын өргөө байгуулж байсан. Сургуулиудын анги танхимуудыг бичиг соёлтой холбоотой бүх зүйлийг нь хийж тохижуулан нийгмийн сайн сайхны төлөө олон ажил хийж байсан. Ид шидийн орны арга хэмжээнд оролцохоос гадна хорих анги дээр ч очиж байлаа. Бичиг үсгээр соён гэгээрүүлэх, нийгмийн бухимдлыг багасгахад тодорхой хэмжээгээр хувь нэмэрээ оруулж яваа гэж боддог доо.

-Монгол уран бичлэгийн онцлог нь юу вэ?

-Монгол уран бичлэгийг бясалгалын дээд төрөл гэж үздэг. Нэгдүгээрт, монгол бичиг яагаад босоо байгаа юм. Хоёрдугаарт, монгол бичгийн зурлагуудад хүний биеийн анатомийн хэлбэрүүд бий. Титэм оройн хэсэг. Монгол хүн огторгүйн орон зайнаас мэдээлэл авдаг гэдэгт би итгэдэг. Бэлгэдэл зүй талаасаа титэм бол оюун ухаан, шүд бол харилцаа, нуруу бол тархи толгойноос бүх мэдээллийг дамжуулдаг систем юм. Хүн амьд байх эрхтэй гэдгээрээ гэдэс, ирээдүй рүү тэмүүлэх гэдэг утгаараа шилбэ, одоо гэдэг утгаараа нуруу, өнгөрсөн цагийг илтгэж сүүл гэх мэт өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн 3 цагийн хэлхээс юм. Хүн үргэлж урагш давшиж тэмүүлж, ахих ёстой гээд шилбэ, орхиц байна. Явж буй хэлбэр юм. Сүүл бол мэдээллийг дамжуулж, боловсруулдаг. Сүүл ард байдаг учир өнгөрсөн, одоо, ирээдүй гэдэг ухагдахуун дүрслэл зүйн бэлгэдэлтэй. Энэ бол бясалгал юм. Энэтхэгийн бясалгалд чакра буюу хүрд гэж ярьдаг, оюун ухаан, тархи гээд байгаа нь монгол бичигт бүгд байдаг. Эвэр нь мэдээллийг авч, гэзэг нь гаргаж байна. Энэ бүх дүрслэлийг харахад монгол бичиг гайхалтай юм. Байгаль, эх дэлхийтэйгээ бид холбоотой, монгол бичгийг босоо хүн гэж авч үзэхэд явж байгаа хүний дүрслэлтэй. Босоо монгол бичгийн философи нь асар гайхамшигтай. Миний хувьд зураач багш хүн учраас дүрслэл зүй талаас нь сонирхож судалдаг. Судалж харах тусам мэдэхгүй зүйл асар их бий. Тиймээс бидний бичиг соёл монгол хүний мөн чанартай маш их холбоотой гэж боддог. Их сургуульд багшилдаг байхдаа костем, пиджакаас салдаггүй байлаа. Харин одоо үндэсний өв соёлоо олон улсад таниулаад явж байхдаа бусдаас ялгарах ялгамж гээд үндэсний хувцсаа байнга өмсдөг болсон. Энд тэнд явж байхад хүмүүс дуудаж ирж байгаад  надтай зургаа авхуулдаг. Дээлээ өмсөхөөр цаанаа ихэмсэг, өөртөө итгэлтэй болдог. Орчин цагт нийгмийн хөгжлөө дагаад өөр байдаг ч Соёлын элчийн хувьд үндэсний хувцсаар гоёх зайлшгүй шаардлагатай болдог. Тэр нь ч надад таалагддаг.

 

Миний энэхүү цэнхэр дээлийг зарим залуучууд, “Солонгосын хааны дээл өмсчихөж” гэдэг. Энэ бол XIII зууны үеийн бичгийн болон язгууртнуудын дээл. Хээ хуар, чимэг, дээл, бүс нь хаад ноёдын өмсөж эдэлж хэрэглэж байсан, олдвороос гарч ирсэн бодитой зүйл. Энгэрийнх нь шувуу, арслан, бар, ирвэсний хэлбэр дүрс бичээчийн зэрэг дэв зиндааг илэрхийлдэг байсан байх. Гэтэл солонгосчууд түүхэндээ бахархахаар хаан гэхээр ноёд хэр их байсан юм бол доо? Бараг баатаргүй байсан байж түүх зохиож солонгос кино сериалаар л залуусын толгойг эргүүлж байна шүү дээ. Мөн тэрхүү кинонууд нь дэлхийг байлдан дагуулж чадаж байна. Соёл гэдэг тийм хүчтэй. Харин манай хаадын өмсөж зүүж хэрэглэж байсан хувцаснаас санаа авч кинондоо ашиглачихсан харагддаг. Түүнийг нь гадныхан “солонгосын хааны хувцас өмссөн байна” гэж өрөөсгөл харж байна. Энэ бол эмгэнэлтэй. Бид өөрсдийнхөө түүхийг харийнханд алдаж дуусчих гээд байна шүү дээ. ЮНЕСКО-д бүртгүүлээгүй л бол Морин хуур, уртын дуугаа алдахаар л байсан. Одоо монгол бичгээ алдахаа шахаж байна. Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монгол бичгийг төрийн бичг болгохыг уриалаагүй бол хятадууд ЮНЕСКО-д бүртгүүлээд монгол бичиг хятад юм гэж зарлах ч байсан юм бил үү хэн мэдэх билээ дээ? Монгол иргэн бүр түүх, өв соёлоо мэддэг судалдаг байх зайлшгүй хэрэгтэй. Боловсролын яам сургалтын системдээ бүр тусгах хэрэгтэй, Өнөөдөр харийн зүйлийг хэт шүтээд явах нь төдийлөн ач холбогдолтой биш гэж үздэг дээ.

 

Related news