“Samsung” 2050 он гэхэд гар утаснууддаа 100 хувь дахин боловсруулсан хуванцар ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-02-15 10:06:17

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компани ухаалаг гар утасны бүх бүтээгдэхүүндээ байгальд ээлтэй материалыг түлхүү ашиглахыг зорьж байгаагаа мэдэгджээ.


Дэлхийн гар утасны хамгийн том үйлдвэрлэгч компани 2025 он гэхэд “Galaxy” загварын бүх шинэ гар утсандаа дахин боловсруулан хуванцар материал ашиглаж, баглаа боодолдоо хуванцар ашиглахаа зогсоохоор төлөвлөж байгаа ажээ. Улмаар 2050 он гэхэд бүх ухаалаг гар утасны бүтээгдэхүүндээ 100 хувь дахин боловсруулсан хуванцрыг ашиглах зорилт дэвшүүлсэн байна.


Энэ сарын эхээр “Samsung” компани “Galaxy S” цувралын “Galaxy S23”, “Galaxy S23 Plus”, “Galaxy S23 Ultra” гэсэн гурван шинэ гар утсаа танилцуулсан юм. Байгаль орчноо хамгаалах хүчин чармайлтын хүрээнд “S23 Ultra” гар утсанд байгальд ээлтэй материалаар хийсэн 12 ширхэг дотоод болон гадаад эд ангийг, мөн “S23”, “S23 Plus”-т 11 ийм эд ангийг ашиглажээ.


Тухайлбал, “Galaxy S23 Ultra” загварын арын шил зэрэгт хаягдсан PET савнаас дахин боловсруулсан хуванцрыг, хажуугийн болон дууны товчлуур, сим картын оролт зэрэгт дахин боловсруулсан хөнгөн цагааныг ашиглажээ.


“Samsung”-ийн мэдээлснээр, хамгийн сүүлийн үеийн загварын гар утаснуудад дахин боловсруулсан хуванцрыг ашигласнаар 2023 онд 15 тонн гаруй хаягдсан загас агнуурын тор далайг бохирдуулахаас сэргийлэх юм байна. Тус компани мөн алт, кобальт зэрэг ховор металлуудын дахин боловсруулалтыг нэмэгдүүлэхээр түншүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа ажээ.

Related news