“Nissan” 2030 он гэхэд шинэ загварын 27 машин танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-02-27 12:21:13

ТОКИО. /RIA Novosti/. Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor Co” компани 2030 он гэхэд 27 ширхэг шинэ загварын автомашин танилцуулахаар төлөвлөж байна. 


Тус компанийн цахим хуудсанд өнөөдөр нийтлэгдсэн стратеги төлөвлөгөөнөөс үзвэл, шинэ загваруудын 19 нь цахилгаан хөдөлгүүртэй байх бол 2024 оны санхүүгийн жилд танилцуулах цахилгаан машин нь зөвхөн Хятадын зах зээлд тусгайлан зориулсан загвар байх ажээ.


Компани мөн 2026 он гэхэд цахилгаан болон хос хөдөлгүүрт автомашиныхаа хөгжүүлэлтэд 2 их наяд иений (14.7 орчим тэрбум ам.доллар) хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн 2026 он гэхэд цахилгаан болон хос хөдөлгүүрт машины Япон дахь борлуулалтад эзлэх хувийг 58 хувь, Европт 98 хувь болгож нэмэгдүүлэхийг зорьж байна. 2030 он гэхэд дэлхий зах зээлд худалдах шинэ автомашинуудын дунд цахилгаан хөдөлгүүрт автомашины эзлэх хувийг 55 хувьд хүргэхээр төлөвлөжээ.

Related news