М.Итгэл: Монгол Улс ТХБ-оор ЮНЕСКО-гийн IBE байгууллагатай хамтран ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-03 08:57:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн боловсролыг тасралтгүй, хүртээмжтэй явуулснаар үр ашиг гарна. Энэ талаар Швейцарын Холбооны улсын Женев хотноо болсон Олон улсын хамтын ажиллагааны форумаар хэлэлцсэн байна.

“Ирээдүйн төлөөх боловсрол” сэдвээр болсон тус хурлын талаар болон Швед, Швейцарь улсад тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаад ирсэн талаараа манай улсын ТХБ-ын Үндэсний багийн төлөөлөл, гишүүд сэтгүүлчдэд мэдээллээ.



“ТХБ-II” төслийн үндэсний багийн зохицуулагч мэргэжилтнүүд Европын туршлагаас харсан үр дүнгийн талаар Боловсролын ерөнхий газрын багш, ажилтан байгууллагын хөгжлийн газрын дарга Р.Золзаяа хэлэхдээ, Швед улсад Дээд боловсролын хуульдаа их, дээд сургуулиудад ТХБ-ын хөтөлбөрийг хичээл болгон оруулж, Шведийн Упсала-гийн Их сургууль ТХБ-ын агуулга, арга зүйг даяарчилсан хэлбэрээр судлан хичээлийн цахим сан байгуулан, түүнийгээ нээлттэй платформд байршуулан бүх нийтэд мөн ил тод хуваалцаж буйг онцоллоо.

Судалгаанд суурилсан боловсролын олон улсын дээрх нээлттэй сангаас Монгол Улсын багш нар ТХБ-ын хичээлийн хөтөлбөртэй танилцан судалж сургалтад ашиглах, туршиж үзэн сайжруулж үр дүн гаргах боломж байгааг тэрбээр хэллээ.

ТХБ-ыг олон нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхэд анхаарч ажиллаж буй Европын орнуудын туршлагаас гадна монголчууд хамтарч ажиллах ямар саналтай ирсэн талаар БШУЯ-ны харьяа Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэлээс тодруулахад, “Бид ЮНЕСКО-гийн IBE буюу Боловсролын Олон улсын лавлах байгууллагын удирдлага, төлөөлөгч нартай хамтын ажиллагааны талаар уулзсан. Боловсролын олон улсын тэргүүлэх чиглэлийн энэ байгууллага улс орнуудын үндэсний хэмжээний ТХБ-ын сургалтын хөтөлбөрийг боловсруулахад тусалдаг. Уг байгууллага 2017 онд үндэсний сургалтын хөтөлбөрийн боловсролын аргачлалыг олон улсад гаргасан.

Үүний дагуу манай Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэн шинэ сургалтын хөтөлбөр буюу сургуулийн өмнөх болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Энэ чиглэлээр дараагийн шинэ шинэ хөтөлбөр, үзэл баримтлалын дагуу үндсэн сургалтын хөтөлбөрөө боловсруулахад IBE-тай хамтран ажиллаж байна” гэв.



Бодит амьдралд тогтвортой хөгжлийн боловсролыг хангах үйл ажиллагааны нэг жишээг Швейцарын Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны Үндэсний зохицуулагч Д.Заяасайхан хэлж байна. Тэрбээр, “Ерөнхий боловсролын сургууль хүлэмжтэй болж, хүүхдүүд төмс, хүнсний ногоо тарьж буй энгийн жишээгээр хэлэхэд үүний цаана байгаль, хүрээлэн буй орчин, эрүүл хооллолт, хүнсний аюулгүй байдлын тогтвортой хэрэглээ гээд эдийн засаг, нийгмийн олон зүйл багтаж тогтвортой хөгжлийн концепцүүд шингэсэн байдаг. Энэ утга агуулгаар ТХБ-ын интеграцчилал явагдаж байдаг” гэлээ. Тэрбээр, Монгол Улсад ТХБ-ын үндэсний онцлогтой бүтэц бүрдсэнийг тодотгож, үйл ажиллагаагаа Швед улсынх шиг ТХБ-ын судалгааны төвтэй болж, түүгээр дамжуулан ТХБ-ыг түгээн дэлгэрүүлэх ажлаа улам эрчимжүүлэх боломжтойг хэлж байна.

Тодруулга: “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг манай улсад 6 аймаг, нийслэлийн хоёр дүүргийн, нийт 30 сургууль хэрэгжүүлж байна. 

Related news