Б.Лхагвасүрэн: Уул уурхайн тээврийг дотоодын ААН-үүд түлхүү гүйцэтгэвэл тэнцлийн алдагдал буурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-09 14:05:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Эдийн засгийн төлөв байдал, төлбөрийн тэнцлийг сайжруулж, тогтворжуулах” талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнээс зарим зүйлийг тодруулав.


-Урсгал тэнцлийн алдагдлыг бууруулж, цаашид сайжруулах талаар Монголбанк хэрхэн төсөөлж, юу гэж үзэж байна вэ?

-Өнгөрсөн оны урсгал болон төлбөрийн тэнцлийн алдагдал 720-иод сая ам.доллар гарч байсан. Анх төсөөлснөөр 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай гарахаар байсан ч оны эцэст 700 сая ам.доллар болж буурсан. Энд нүүрсний экспорт сэргэсэн нь голлон нөлөөллөө. Оны эцэст экспортолсон нүүрс 31 сая тонн болж өссөн нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад, ялангуяа урсгал тэнцлийн алдагдал доторх барааны тэнцлийн алдагдал буурахад нөлөөлсөн.

Урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах бас нэг боломж нь үйлчилгээ, тэр дундаа тээврийн салбарын үйлчилгээ байна. Ер нь уул уурхайн салбар зогсонги байдалд орохоор тээврийн салбар дагаад зогсдог. Энэ утгаар өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өсөхөд уул уурхай, тээврийн салбар бууралттай гарсан.


Уул уурхайн үйлдвэрлэл, экспорт сайжирвал тээврийн салбар мөн сэргэх боломжтой. Уул уурхайн тээвэрлэлтийг дотоодын ААН, компаниуд хийвэл үйлчилгээний тэнцлийн алдагдал буурна. Тэр хэмжээгээр төлбөрийн тэнцлийн алдагдал мөн буурах боломжтой. Ингэснээр нөөц нь эергээр нөлөөлж, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр валютын ханш тогтвортой байх боломж бүрдэх юм.

Тодруулбал, ЭЗХЯ-наас энэ онд манай улс 40-45 сая нүүрс экспортлох боломжтой гэж байгаа. Нүүрсээ хилийн үнээр тооцон уурхайн амнаас хил хүртэл дотоодын тээврээр гүйцэтгэх юм бол 1.6-2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, нэмэгдэл орлого олж төлбөрийн тэнцэл алдагдалгүй, үр ашигтай байх боломж бий.


-Эдийн засгийн макро түвшний тоонууд эерэг гарах төсөөлөлтэй байна. Гэтэл валютын ханш, инфляцын түвшин сайжрахгүй хэвээр байна. Энд юу нь болохгүй, буруу байгаад байна вэ?

-Төлбөрийн тэнцлийг л сайжруулах учиртай. Өнгөрсөн оны хамгийн хүнд үе нь олон улсын хурцадмал нөхцөл байдалтай холбоотойгоор 2 дугаар сарын сүүлээс эхэлж, тод хүчтэй илэрсэн нь 5 дугаар сар байв. Үнийн индекс 16.5 хувь болж, хамгийн өндөр түвшинд хүрсэн. Валютын нөөц огцом багасаж, 2.4 тэрбум ам.долларын хэмжээнд хүрч буурч байсан. Тэр үеийг өнөөдрийнхтэй харьцуулбал инфляцын түвшин 12.3 хувьд, валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрэх зэргээр нэлээн эерэг, сайн үзүүлэлтүүд гарч байна. Оны эхний 2 сарын статистик ҮСХ-ноос хараахан гараагүй байна. Үүгээр инфляц 11 хувь руу орох төсөөлөлтэй байгаа. Улмаар энэ онд нэг оронтой тоо буюу зорилтот 8 хувийн түвшинд хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байна.


Төлбөрийн тэнцэл ашигтай гарч, ханш тогтворжоод ирвэл иргэд хадгаламждаа ам.доллар хийж, ААН-үүд харилцах дансандаа валют их хэмжээгээр төвлөрүүлсэн байдал өөрчлөгдөнө.


Монголбанк бодлогын хүүгээ хатууруулсны нөлөө одоо гарч эхэлж байна. Эдийн засгийн ийм эерэг байдал цааш үргэлжилбэл валютын нөөц өсөж, ханш илүү тогтвортой болох байх гэж харж байгаа. Ер нь бол зах зээлийн хүлээлт гэж бий. ААН-үүд болон иргэдэд ам.долларын ханш цааш чангарах болов уу гэсэн хүлээлт хэвээр байна. Энэ нь юугаар илэрч байна гэхээр, төгрөгийн ханш суларч байсан өнгөрсөн жилийн үед хадгаламжаа долларжуулж, харилцах дансандаа их хэмжээгээр төвлөрүүлж байсан байдал өдгөө хэвээр хадгалагдсаар байна.

Энд импортын ямар нэг оролцоогүй ААН ч валютын харилцах данстай байх жишээтэй. Энэ нь банкуудын санхүүгийн тайлан дээр тод харагдаж байгаа. Тиймээс төлбөрийн тэнцэл ашигтай гарч, ханш тогтворжоод ирвэл дээрх хүлээлт өөрчлөгдөнө гэж үзэж байгаа.


-Энэ онд банкууд IPO-гоо бүрэн хийж хувьчлагдаж чадах уу?

-Угаасаа Банкны тухай хуульд орсон өөрчлөлтөөр 6 дугаар сарын 30-ны дотор системийн нөлөө бүхий арилжааны 5 банк нээлттэй ХК болж, иргэдэд хувьцаагаа нээлттэй худалдах үүрэг хүлээсэн. Өнгөрсөн онд “Голомт” болон Төрийн банк хувьчлалаа хийсэн. ХААН банк зөвшөөрлөө авсан, удахгүй эхлэх байх. Одоо ХАС болон ХХБ үлдээд байна. Хэрэв хүсэлтээ гарган зөвшөөрлөө СЗХ-ноос авчихвал банкуудын хувьчлалыг энэ онд багтаан хийж дуусна. Хуулийн хугацаа, зохицуулалттай байгаа учир 6 дугаар сарын 30-ны дотор амжина гэж Монголбанкны зүгээс харж байгаа. Гол нь ашиг орлогын үзүүлэлтийг харуулдаг санхүүгийн тайлангаа хөндлөнгийн аудитаар үнэлгээ хийлгэх учиртай. Үүн дээрээ анхаарч байгаа байх. 

Related news