Герман 2022 онд хүлэмжийн хийг бууруулах зорилтдоо хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БЕРЛИН. /DW/. Германы хүлэмжийн хийн ялгарал 2022 онд өмнөх
оныхтой харьцуулахад 1.9 хувиар буурсныг тус улсын Байгаль орчны агентлагийн
урьдчилсан тайлан лхагва гарагт харууллаа. Энэ нь зарим салбар дэвшүүлсэн зорилгодоо
хүрч чадаагүй ч тус улсын 2022 оны зорилт биелсэн гэсэн үг юм.
Тайланд дурдсанаар,
2022 онд 746 сая тонн хүлэмжийн хий ялгарсан нь тухайн оны зорилтоос 10 сая
тонноор бага байжээ. Герман улс 2030 он гэхэд ийм хийн ялгарлаа 1990 оныхтой
харьцуулахад 65 хувиар, цаашлаад 2045 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн
зөрүүг тэглэхийг зорьж байгаа юм.
Байгаль орчны
агентлагийн мэдээлснээр, 2022 онд хүлэмжийн хийн ялгарал 1990 оныхоос
ойролцоогоор 40 хувиар буурчээ.
Эрчим хүчний салбарын
“нааштай” тоон үзүүлэлтүүд
Германы эрчим
хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарал 4.4 хувиар өссөн бөгөөд 2022 онд нүүрсэн
цахилгаан станцуудыг ашигласантай холбоотойгоор тус салбар нь хүлэмжийн хийг
хамгийн их ялгаруулсан байна.
2030 оныхоо зорилтод
хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд илүү хурдтай
ажиллах хэрэгтэй гэж Байгаль орчны агентлагийн дарга Дирк Месснер хэлээд,
олборлодог түлшнээс хараат ийм байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй гэв.
Гэхдээ 2022 онд
нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэсэн эрчим хүчний эзлэх хувь
түүхэн дээд үзүүлэлт болох 20.4 хувьд хүрч өссөнийг тайланд цохон тэмдэглэсэн
байна. Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек үүнийг “урам өгсөн, нааштай” үр
дүн хэмээн тодорхойлжээ.
Бусад салбаруудын хувьд авч үзвэл, хөдөө аж ахуй, хог хаягдлын салбар жилийн уур амьсгалын
зорилтдоо хүрсэн ч тээвэр, барилгын салбар биелүүлж чадаагүй байна. Тухайлбал, тээврийн
салбарын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ 2021 онтой харьцуулахад нэг сая гаруй
тонноор нэмэгджээ.