Унгар улсын тэтгэлгээр байгаль хамгаалах чиглэлээр оюутан сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-03-17 14:00:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Унгар Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Обрущанский Борбала Аннатай уулзлаа.

 

Уулзалтаар Монгол Улсаас байгаль орчны чиглэлээр Унгар Улсын тэтгэлгээр 35 оюутан сургах асуудлаар санал солилцов. Энэ асуудлыг дэс дараатай хийх бөгөөд МУИС-д тусгайлан анги нээж, хэлний бэлтгэл болон суурь түвшинг хангах бэлтгэл ажлууд эхэлснийг мэдэгдээд, Унгар Улсын ЭСЯ болон БШУЯ, МУИС гэсэн гурван талт уулзалт хийж, асуудлыг шийдвэрлэхийг хүсэв.

 

Элчин Сайд Обрущанский Борбала Анна энэ асуудлыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, "Унгар Улсаас багш ирж, хичээлээ заагаад эхэлсэн. Мэргэжил өвлүүлэх санаа, байгаль хамгаалагчийн залгамж халааг бэлтгэх хүсэлтийг бүрэн ойлгож байна. Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах 35 оюутанд байгаль орчин, нийгмийн ухааны хичээлд суурилсан уян хатан байх нөхцөлд анхаарал хандуулахыг тусгайлан хүссэн. Энэ бол маш чухал бөгөөд аав ээж нь байгаль, ан амьтандаа хайртай тэднийг хамгаалах хүсэлд тулгуурлаж, байгаль хамгаалагчийн ажил хийдэг, хүүхдүүд энэ замналаар замнаж, байгаль хамгаалагч болох тохиолдол олон бий" гэдгийг тодотгов.

 

Түүнчлэн Унгар Улсын буцалтгүй тусламжаар усны салбарт төсөл хэрэгжүүлэх боломжтой тухай Элчин сайд Обрущанский Борбала Анна хэлэв. Энэ асуудлаар өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, хамтран ажиллах хүсэлт тавив.



Related news