БУЛГАН: Газар нутгийн 10,0 шахам хувь цөлжилтөд хүчтэй нэрвэгдэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-21 09:47:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар нутгийн 9,77 хувь доройтолд орж, цөлжилтөд хүчтэй өртөж байгааг мэргэжлийн байгууллага дүгнэжээ. 


            1978 онд ХААЯ-ны экспедицийн судалгаагаар тус аймгийн бэлчээрийн ургац нэг га талбайд 5.9 центнер гэж тогтоогдож байсан бол сүүлийн 20 жилд бэлчээрийн ургац 36,0 хувиар буурчээ. Энэ нь дэлхийн цаг агаарын хуурайшилт, дулааралтай холбоотой боловч хүний хүчин зүйлийн буюу бэлчээрийн менежментийн бодлого зохицуулалт алдагдсантай шууд хамааралтай гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлэлд дурджээ.

2014 онд Шинжлэх ухааны академийн харьяа Газар зүй геоэкологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэнгээр хийлгэсэн Булган аймгийн бэлчээрийн төлөв байдал, цөлжилтийн судалгаагаар нийт бэлчээрийн 74.0 хувь буюу 1934.3 мянган га бэлчээр талхлагдалд орсноос 582.2 мянган га хэт их, 861.5 мянган га их, 320.6 мянган га дунд, 74.8 мянган га бага талхлагдсан гэж тогтоогдсон байна. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтлыг зайнаас тандах аргаар хуурайшлын индекс, ургамлын нормчлогдсон индекс, хур борооны бүтээмжит байдлын индекс, хүний хүчин зүйлийн нөлөөллийн индекс зэргийг тооцсон нэгдсэн үнэлгээгээр нийт газар нутгийн 30.0 хувьд нь доройтол илрээгүй (цөлжилт явагдаагүй), 28.55 хувьд сул (цөлжилтөд өртөх боломжтой), 31.61 хувьд дунд зэрэг (бага зэрэг цөлжилтөд өртөж байгаа), харин 9.77 хувьд нь доройтол хүчтэй илэрсэн өлжилтөд өртөж байгаа) байна. Судалгааны үр дүнгээс үзвэл 2006 онд нийт газар нутгийн 0.32 хувийг хүчтэй доройтсон газар эзэлж байсан бол 2019 онд 9.7 хувь болж нэмэгдсэн тооцоо гарчээ.

Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур суманд газрын доройтол эрчимтэй явагдаж цөлжилтөд өртөж эхэлж байна.

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаагаар цөлжилтөд өртөж, бэлчээрийн даац хэтэрч, ургамлын зүйлийн бүрдэл хомсдож, ургац багассанаар бог малын дундаж амьдын жин 14-16 кг-аар буурсан байна. Тус аймаг жилд дунджаар 129.2 мянган бод, 873 мянган бог мал зах зээлд борлуулдаг. Зах зээлийн дундаж ханшаар тооцвол жил бүр 16.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого алдаж, нэг малчин өрх дунджаар хоёр сая шахам төгрөгийн алдагдалд орж байгаа гэсэн тооцоог аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар гаргажээ.

Related news