“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-03-24 13:48:22

МОНАКО. /BBC/. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/ трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглохоор болжээ.


“Гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүйсээ солиулж эмэгтэй болсон трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны тэмцээнд оролцохыг зөвшөөрөхгүй” гэж тус байгууллагын тэргүүн Себастьян Коу мэдэгдсэн байна.


Гэхдээ трансжендер тамирчдыг тэмцээнд оролцуулахыг зөвшөөрөх талаар цаашид судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдахаар болсон байна. “Бид үүрд үгүй гэж хэлэхгүй” гэж С.Коу хэлжээ.


Өмнөх журмын дагуу “IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг цусан дахь тестостероны хэмжээг дээд тал нь 5 нмоль/л хүртэл бууруулж, эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөхөөс өмнөх 12 сарын хугацаанд тасралтгүй энэ хэмжээнд барихыг шаарддаг байжээ.


С.Коугийн хэлснээр, "тэмцээн уралдааны эмэгтэйчүүдийн төрлийг хамгаалах үндсэн зарчмыг" удирдлага болгон дээрх шийдвэрийг гаргасан байна. Одоогоор энэ спортод олон улсын хэмжээнд өрсөлдөж буй трансжендер тамирчин байхгүй гэдгийг тэрбээр мөн онцолжээ.


“Өөр хоорондоо ялгаатай бүлгүүд хоорондын хэрэгцээ, эрхийн зөрчилтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргахад үргэлж хэцүү байдаг ч бид эмэгтэй тамирчдад шударга хандахыг бусад бүх зүйлээс дээгүүр тавих ёстой гэсэн байр суурийг баримталсаар байна” гэж С.Коу хэлсэн байна.


Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зөвлөл трансжендер тамирчидтай холбоотой асуудлыг цаашид авч үзэх ажлын хэсгийг 12 сарын хугацаатай байгуулахаар тохиролцжээ. Тус бүлэг нь трансжендер тамирчидтай тусгайлан зөвлөлдөж, судалгаа хийж, зөвлөлд зөвлөмж хүргүүлэх аж.

Related news