В.Путин: ОХУ Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-26 09:26:38

МОСКВА. /Anadolu/. ОХУ хөрш Беларусь улсад тактикийн цөмийн зэвсгийн тусгай агуулахаа барьж дуусгана гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.


Орос цөмийн зэвсэг хадгалах боломжтой Искандер цогцолборыг Беларусьт аль хэдийн хүлээлгэн өгсөн гэж В.Путин бямба гарагт Россия-24 сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.


Түүний хэлснээр, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 1990-ээд оны эхэн үе буюу ЗХУ задран унаснаас хойш Беларусьт байрлуулаагүй Оросын тактикийн цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулах асуудлыг эртнээс хөндөж эхэлжээ.


Бид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчихгүйгээр Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгийг байрлуулахаар А.Лукашенкотой тохиролцсон гэж TASS агентлаг В.Путиний хэлснийг эш татан мэдээлсэн байна.


АНУ ийм зэвсгийг олон оронд удаан хугацаагаар байрлуулж байгаа тул Беларусийн хүсэлтэд ямар ч ер бусын зүйл байхгүй гэж В.Путин нэмж хэлжээ.


Дараа нь В.Путин Орос улс тактикийн цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай 10 нисэх онгоцоо Беларусьт байрлуулсан гэж хэлснийг “TASS” мөн уламжилжээ.  


Арван нисэх онгоц энэ төрлийн зэвсгийг ашиглахад бэлэн байна. Бид Беларусь руу бидний сайн мэдэх, маш үр дүнтэй Искандер цогцолборыг хэдийнээ шилжүүлсэн. Энэ нь мөн тактикийн цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай” гэж тэрбээр хэлсэн байна.


Москва дөрөвдүгээр сарын эхээр баг бүрэлдэхүүнийг сургаж эхэлнэ гэж В.Путин хэлээд, Орос улс Беларусь дахь тактикийн цөмийн зэвсгийг хадгалах агуулахыг долоодугаар сарын 1 гэхэд барьж дуусгана гэж мэдэгджээ.


Орос улс хөрш Украинд 13 сарын өмнө дайн эхлүүлснээс хойш Барууны орнуудын удирдагчид болон тоймчид Москва цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж болгоомжилж байгаагаа мэдэгдсээр иржээ.

Related news