Орос, Беларусийн теннисчдийг Уимблдоны тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-04-01 14:52:40

ЛОНДОН. /BBC/. Бүх Английн лаун-теннисний болон крокетын клуб (AELTC) энэ жилийн Уимблдоны тэмцээнд Орос, Беларусийн теннисчдийг оролцохыг хориглосон хоригоо цуцаллаа.


Орос, Беларусийн теннисчид төвийг сахисан статустай, хэд хэдэн болзолтойгоор Лондонд өрсөлдөх боломжтой болжээ. Тэмцээн долоодугаар сарын 3-нд эхлэх бөгөөд хоёр долоо хоног үргэлжилнэ.


Өнгөрсөн онд Уимблдон нь Украин дахь Оросын түрэмгийлэлтэй холбоотойгоор Орос, Беларусийн тамирчдыг талбайдаа гаргаагүй “Их дуулга” цувралын цорын ганц тэмцээн болсон юм.


"Бид Оросын хууль бус довтолгоог буруушаасаар байх бөгөөд Украины ард түмнийг бүрэн дэмжиж байна” гэж AELTC-ийн тэргүүн Иан Хьюитт мэдэгдээд энэ шийдвэрийг гаргахад амаргүй байсныг онцолсон байна. 


Орос, Беларусийн теннисчдийг Уимблдоны өмнө явагддаг Британийн тэмцээнүүдэд оролцохыг мөн зөвшөөрчээ. 


Ингэхдээ Орос, Беларусийн дэглэм, удирдагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлэхгүй байхыг зөвшөөрөх, Орос, Беларусийн төсвөөс санхүүжилтгүй байх, тэр дундаа эдгээр улсын эрх баригчидтай холбоотой ивээн тэтгэгчидгүй байх гэсэн үндсэн хоёр болзлыг тавих аж.


AELTC –ийн мэдэгдсэнээр, Орос, Беларусийн тамирчидтай холбоотой шийдвэрийг Британийн Засгийн газар, Английн лаун-теннисний холбоо (LTC) болон тэмцээний олон улсын ивээн тэтгэгчидтэй зөвлөлдсөний дараа гаргажээ. 


Оросын Даниил Медведев, Андрей Рублев, Дарья Касаткина гэсэн гурван теннисчин эрэгтэй, эмэгтэй теннисчдийн чансааны эхний 10-т багтдаг бол Беларусийн тамирчин Арина Соболенко дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигддэг. Тэрбээр энэ жил “Их дуулга” цувралын анхных нь болох Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн. 


Тоглогчид болон дагалдан яваа багууд төвийг сахих тухай мэдэгдэлд гарын үсэг зурах ёстой байна.


Тэмцээнд оролцуулах болзлыг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах, тэр ч байтугай тэмжээнд оролцох эрхийг нь хасах хүртэл шийтгэл онооно.


Related news