С.Болд: Мөнгөний зөөлөн бодлого эдийн засагт илүү оновчтой хослол болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк (АХБ)-наас өчигдөр Азийн бүс нутгийн хөгжлийн байдал болон Монголын эдийн засгийн төлөвийг
танилцуулсан. Энэ үеэр бид АХБ-ны ахлах эдийн засагч С.Болдоос зарим зүйлийг тодруулав.
-Танайхаас
гаргасан эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлд нүүрсний оффтэйк
гэрээ орж байна. Энд болзошгүй сөрөг үр дагавар гарвал экспортын орлого,
төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөө учруулна гэсэн байна. Мөн манай улс энэ оноос
нүүрсээ биржээр цахимаар борлуулж эхэлсэн. Үүнийг хэрхэн тооцож байна. Энэ
талаар тодруулна уу?
-Бидний хувьд нүүрсний экспортыг
34 сая орчим тонн байна гэж төсвийн төсөөлөлтэй ижилхэн авч үзсэн. Гол анхаарах
зүйл нь юу вэ гэвэл, биржийн цахим арилжааг олон удаа зохион байгуулаад, нийтдээ хэдий
хэмжээний нүүрсийг илүү, өрсөлдөөнт үнийн зарчмаар буюу зах зээлийн үнийг
дунджаар 16-17 хувиар өсгөх хэмжээнд гэрээний нөхцөлөө сайжруулаад худалдаж
чадвал сайн. Ингээд харах юм бол нийт үнийн дүн хагас сая тонны хэмжээтэй
байна.
Тиймээс энэ онд гаргахаар
төлөвлөж буй 34-35 сая тонн нүүрсний хэдэн хувийг биржээр арилжих боломжтой вэ
гэдэг нь гол асуудал. Засгийн газраас тавьж буй зорилт бол богино хугацаандаа
30 хүртэл хувьд хүргэж, цаашдаа нэмэгдүүлээд явъя гэж байгаа.
Тиймээс бидний ярьж буй
өрсөлдөөнт үнийн зарчмаар хэдий хэмжээний нүүрс гаргаж чадах боломжтой гэдэг
дээр төвлөрч одоогийн гүйцэтгэлээс харахад тийм ч эерэг төсөөлөл байхгүй
байна. Харин дунд хугацаанд, ялангуяа 2023 оныхоо үр дүнд суурилаад 2024 онд
энэ талын нөхцөл байдал илүү сайжирна. Ер нь бол дийлэнх гэрээ энэ зарчмаар
явна гэвэл ирэх оноос эерэг нөлөө ихэснэ.
-Төсвийн гүйцэтгэл энэ онд
ямар байх дүр зурагтай байна вэ?
-Төсвийн нөхцөл байдал өнгөрсөн
онд өмнө нь төсөөлж байснаас илүү давж биелсэн. Орлого давсан, зардлын өсөлтийг
хязгаарласан. Ингээд нийт тэнцэл алдагдалтай биш, ДНБ-ий 0.8 хувьтай тэнцэх
хэмжээний ашигтай гарсан.
Цаашаа яах ёстой вэ гэвэл, төсвийн
алдагдлыг бууруулах, төсвийг аль болох ашигтай гаргах, ингэхийн тулд хуримталдаг,
Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлалаа нэмэгдүүлэх тийм
тогтолцоо руу шилжих хэрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, эдийн засаг
өсөж байгаа бол, төсвөөс хуримтлал хийх макро эдийн засгийн орчин бүрдэж
байгаа юм бол төсвөө илүү хумих чиглэлд тодорхой тохиргоо хийх хэрэгтэй. Энэ нь
эргээд хувийн сектор дээр очих зээл болон санхүүжилт үүсэн өсөх бололцоог олгоно.
Тэгэхгүй бол төсвөө түрүүлээд тэлэх юм бол мөнгөний бодлого дээр хатуу дэглэм
хадгалагдана.
Биржээр худалдах нүүрсний үнийг 16-17 хувиар өсгөх хэмжээнд гэрээний нөхцөлөө сайжруулж чадвал цахим худалдаа сайн явагдана.
Манай улсын хувьд чангарсан хэвээр байна. Гадаад зах
зээлээс гадаад валютаар эх үүсвэр татдаг улс орнуудад сөрөг хэвээр байна. Магадгүй улам ч хатуурах шаардлага руу
ямар ч бодлогын сонголтгүй орох болоод, ингэх юм бол энэ нь бодлогын оновчгүй
хослол болно. Мөнгөний хатуу бодлогоос болж хэрэглээний зээл
эрс хумигдсан. Мөнгөний бодлогын хувьд энэ жилийн тухайд огцом зөөлрөх орон зай
алга. 2024 оноос л мөнгөний бодлогод зөөлрөх тийм орчин бүрдэх байх.
Мөнгөний бодлого зөөлрөөд дотоодын зээл санхжүүжилт
нэмэгдвэл төлбөрийн урсгал дансны алдагдлыг бууруулахад, бүтцийн шинэчлэлийг
хийхэд хувь нэмрээ оруулах байх. Тийм учраас мөнгөний, төсвийн зохистой, тогтвортой бодлого хэрэгтэй. Мөнгөний
зөөлөн бодлого гэдэг бол Монгол Улсын эдийн засагт илүү оновчтой хослол болно.
Тэр чиглэл рүү л энэ онд макро эдийн засгийн бодлогын оновчлолыг хэрэгжүүлэх нь
зөв байх.