Австралид сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд зөвшөөрөл олгох нь ихэсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-04-10 16:32:50

КАНБЕРРА. /ABC/. Австралид Лейборист нам 2022 оны тавдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш сэргээгдэх эрчим хүчний салбарт 11 төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн нь өмнөх засгийн газрынхаас хоёр дахин өссөн үзүүлэлт болж байгаа талаар тус улсын Эрчим хүч, усны асуудал эрхэлсэн сайд Таня Плиберсек өнөөдөр мэдэгдлээ.


Түүний хэлснээр, Лейрорист нам уур амьсгалын бодлогоороо хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад “тодорхой орчин нөхцөл” бүрдүүлж өгсний дүнд дээрх өсөлтийг үзүүлжээ. Тус нам нь Австралийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2030 он гэхэд 2005 оныхоос 43 хувиар бууруулж, улмаар 2050 он гэхэд ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх амлалт өгөөд байгаа юм.


“Бид засгийн газраа байгуулснаасаа хойших 10 сарын хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбарт 11 төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрөөд байна. Өмнөх засгийн газрын үед мөн хугацаанд таван төсөлд л зөвшөөрөл олгоод байсан” гэж Т.Плиберсек “ABC” радиод ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


“2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 82 хувьд хүргэх зорилт тавиад байгаатай холбоотойгоор ийм төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй бизнес эрхлэгчид олширч байна” гэж тэрбээр ярьсан байна. Мөн одоогоор сэргээгдэх эрчим хүчний 90 гаруй төсөл Т.Плиберсекийн зөвшөөрлийг хүлээж байгаа ажээ. 

Related news