“ChatGPT” чатботын серверүүд хэр их ус хэрэглэж байгааг тооцоолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-04-14 11:26:57

ВАШИНГТОН. /gizmodo/. Америкийн судлаачид “OpenAI” компанийн бүтээсэн хиймэл оюун ухаант “ChatGPT” чатботын серверүүд хэр их ус хэрэглэж байгааг тооцоолжээ. Ингэхэд 50 асуултад хариулахын тулд 1 литр ус шаардагдах тооцоо гарсан байна.


Шинжээчдийн тооцоолсноор, “GPT-3” загвар дээр суурилсан “ChatGPT”-ийг бүтээж, сургахын тулд өдөрт 700 000 литр ус зарцуулжээ. Энэ нь 5000 хүн амтай жижиг тосгоны өдөр тутмын хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээ юм. “ChatGPT”-ийг сургах үйл явц хэр удаан үргэлжилсэн нь одоогоор тодорхойгүй байна. Хэрэв энэ хугацаа нэг сар орчим байсан бол зарцуулсан усны хэмжээ Оросын нийслэл Москва хотын хэрэглээг хангах хэмжээтэй дүйх аж. 


Асуудал үүгээр дуусахгүй. Серверүүдийг хөргөх, хэт ачаалахаас зайлсхийхийн тулд ундны цэвэр ус хэрэглэдэг гэдгийг хүн бүр мэддэг. Өдөр бүр сая сая хэрэглэгч “ChatGPT”-ээс асуулт асууж байгаа бөгөөд хүмүүсийн асуултад хариу өгөхийн тулд серверүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой. 


50 асуулт тутамд 1 литр ус

Судлаачдын тооцоогоор, хиймэл оюун ухаан нь 50 асуултын хариуг өгөхийн тулд “OpenAI”-ын хиймэл нейроны сүлжээ нь чухамдаа ийм хэмжээний ус хэрэглэж байна. Гэхдээ “GPT-3”-т суурилсан “ChatGPT” нь хоёр дахин бага буюу 100 асуулт тутамд 1 литр ус хэрэглэдэг гэдгийг судлаачид онцолжээ. Харин “GPT-4” хэлний загвар бүхий чатботын хамгийн сүүлийн хувилбарыг “усны мангас" гэж нэрлэж болох аж. 


2023 оны хоёрдугаар сарын мэдээллээр, “ChatGPT”-ийн цахим хуудсанд өдөрт 13 сая хүн ханддаг бөгөөд энэ нь секундэд 150 хүн орж байна гэсэн үг юм. 


Related news