Тайланд улс жуулчдаас хураамж авах хугацаагаа хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-20 11:29:17

БАНГКОК. /Bangkok Post/. Тайландад агаарын тээврээр зорчин ирж буй гадаадын жуулчдаас хураамж авах хугацааг есдүгээр сар хүртэл хойшлуулсныг тус улсын Аялал жуулчлал, спортын сайд Пипат Ратчакипракан лхагва гарагт мэдээлжээ.


Учир нь агаарын тээврийн компаниуд гадаадын иргэд, тайландчууд болон гадаадад амьдардаг цагаач тайландчуудыг ялган тодорхойлох аргыг хэрэгжүүлж чадахгүй байгаа аж.


Үүний зэрэгцээ агаарын тээврийн компаниуд бүх зорчигчдод тэгш хандахыг шаардаж байгаа тул жуулчдаас авах хураамжийн талаар илүү тодорхой журам гаргахыг аялал жуулчлалын оператор компаниуд уриалжээ.


Тайландын Засгийн газар зургаадугаар сарын 1-нээс эхлэн гадаадын жуулчдаас 150-300 батын (4-9 ам.доллар) хураамж авах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан юм.


Агаарын тээврээр зорчин ирж буй жуулчдаас хураамж авахаа ийнхүү хойшлуулж байгаа бол хуурай газар болон далайн хилээр хүрэлцэн ирж буй жуулчдын хураамжийг мөн хойшлуулах хэрэгтэй гэж Пхукет мужийн аялал жуулчлалын оператор компаниудын холбоо мэдэгджээ. Түүнчлэн хуурай газраар хүрэлцэн ирж буй жуулчдаас 150 батын хураамж авах нь сар бүр амралтын өдрүүдээрээ Сонхла мужид ирдэг Малайзын жуулчид зэрэг хил дамнан байнга зорчдог аялагчдын тоонд нөлөөлж болзошгүйг аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд анхааруулсан байна. Тиймээс Засгийн газар янз бүрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, богино хугацааны аяллын хураамжийг тодорхой хугацаагаар зохицуулах арга хэмжээ авах ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. 


Тайландын эрх баригчид байгалийн үзэсгэлэнт газруудыг нөхөөн сэргээх зорилгоор гадаадын жуулчдаас хураамж авах журам нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа 2019 оны тавдугаар сард мэдэгдэж байв. Түүний дараахан энэхүү хураамжаас цугласан хөрөнгийг мөн гэнэтийн осолд орсон жуулчдад туслах, жуулчдын аяллын шинэ чиглэлийг хөгжүүлэхэд зарцуулна гэж мэдээлжээ. Гэвч тухайн үед аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон байсан тул  давхар нэрмээс болно гэж үзээд 2019 оны есдүгээр сард уг төлөвлөгөөгөө хойшлуулсан байна. Харин 2020 оны хоёрдугаар сараас тус улсын Аялал Жуулчлалын яам коронавирусний цар тахлын улмаас жуулчдын урсгал эрс буурсантай холбоотойгоор жуулчдаас татвар авах төлөвлөгөөгөө дахин хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэлсэн боловч уг санаачилгыг хэрэгжүүлж эхлэх хугацааг тухай бүр хойшлуулж байжээ.

Related news