“Twitter” төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн цэнхэр тэмдгийг арилгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-04-21 12:09:45

ВАШИНГТОН. /DW/. Америкийн тэрбумтан Илон Маск “Twitter” нийгмийн сүлжээн дэх хаягаа баталгаажуулах цэнхэр тэмдгийн сарын төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн энэ тэмдгийг арилгаж эхэлжээ.


Тодруулбал, пүрэв гарагт Ромын пап, Бейонсе, Опра Уинфри, Дональд Трамп, Леди Гага зэрэг “Twitter”-ийн хамгийн олон дагагчтай олны танил эрхмүүдийн хаягийн ард байрлах цэнхэр тэмдэг байхгүй болсон байна.


Өнгөрсөн онд И.Маск “сэтгүүл зүйг ардчилах, ард иргэдийн дуу хоолойг хүчтэй болгох” зорилгоор “Twitter Blue” нэртэй шинэ төлбөртэй үйлчилгээгээ танилцуулсан юм.


И.Маскийг пүрэв гарагт баталгаажуулалтын системийг зогсоохоос өмнө 300 мянга орчим хэрэглэгч цэнхэр тэмдэгтэй байжээ. Энэхүү тэмдэг нь олны танил хүмүүсийн хувийн хаягийг хуурамч хаягнуудаас ялгахад тусалж, ташаа мэдээллээс урьдчилан сэргийлэх нэмэлт хамгаалалтын үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.


Гэхдээ Америкийн алдарт зохиолч Стивен Кинг тэргүүтэй зарим хэрэглэгч шинэ үйлчилгээнд ямар нэгэн төлбөр төлөөгүй ч цэнхэр тэмдэг нь хэвээр харагдаж байгаа талаар мэдээлсэн байна. Харин И.Маск түүний жиргээнд “Зүгээр дээ, намасте” хэмээн хариулсан бөгөөд “цөөн хэдэн хэрэглэгчийн төлбөрийг хувиасаа төлсөн” гэдгээ өөр нэгэн жиргээндээ баталсан байна.


Twitter” цэнхэр тэмдгийг 14 жилийн өмнө нэвтрүүлсэн юм. Харин И.Маск өнгөрсөн 10 дугаар сард “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авсныхаа дараа олон төрлийн үйлчилгээ санал болгох замаар тус платформын орлогыг нэмэгдүүлэхийг зорьсоор иржээ.


Шинэ үйлчилгээний үнийн хувьд хувь хүмүүсийн хаяг сард 8 ам.доллар бол байгууллагууд цэнхэр тэмдгээ хадгалж авч үлдэхийн тулд сард төлөх төлбөр нь 1000 ам.доллароос эхэлнэ. “Similarweb” судалгааны компанийн мэдээллээр, өнгөрсөн сард ердөө 116 мянган хэрэглэгч “Twitter Blue”-д бүртгүүлжээ. 

Related news