Хятад улс Ангарагийн анхны дэлгэмэл зургуудыг нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-04-24 16:48:21

БЭЭЖИН. /China Daily/. Хятад улс “Tianwen-1” сансар судлалын аппаратаар авсан Ангараг гаргийн анхны дэлгэмэл зургуудыг өнөөдөр олон нийтэд дэлгэжээ.


Улаан нүдэн гаргийн Зүүн болон Баруун тал бөмбөрцгийн дэлгэмэл зургуудыг гаргахдаа Робинсоны проекц, Меркаторын проекц, азимутын проекц, ортографийн проекцыг ашиглажээ. Ингэхдээ 76 метрийн орон зайн нарийвчлалтай зураг зүйн стандартын дагуу гаргасан байна.


Зургуудыг Хятадын Үндэсний сансар судлалын газар, Шинжлэх ухааны академи хамтран “Хятадын Сансрын өдөр”-ийг тохиолдуулан Аньхуй мужийн нийслэл Хэфэй хотноо болсон ёслолын үйл ажиллагааны үеэр дэлгэжээ. “Сансрын өдөр” нь Хятадын анхны хиймэл дагуулыг 1970 онд хөөргөсөн өдөр болох дөрөвдүгээр сарын 24-ний өдөр тохиодог.



Дэлгэмэл зургуудыг “Tianwen 1” тойрог замын аппаратын камераар 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны долоодугаар сарын хооронд авсан 14 757 зургийг боловсруулан бүтээжээ.


“Эдгээр зураг нь дэлхий дахины эрдэмтэн судлаач, инженерүүдэд судалгаагаа хийх, ирээдүйд Ангараг руу аялах нислэгийн төлөвлөлтийг хялбар гаргахад тус дөхөм болох илүү чанартай суурь газрын зураг болно” гэж Үндэсний сансар судлалын агентлаг мэдээлсэн байна.


Хятадын эртний шүлгээс сэдэвлэн “Tianwen-1” хэмээн нэрлэсэн аппаратыг 2020 оны долоодугаар сарын 23-ны өдөр хөөргөсөн юм. 2021 оны хоёрдугаар сард Ангарагийн тойрог замд орохоосоо өмнө уг аппарат 475 сая орчим км замыг туулж, хэд хэдэн удаа маневр хийжээ.


Улмаар Хятадын эртний домгийн галын бурхны нэрээр нэрлэсэн “Zhurong” явагч төхөөрөмж Ангараг дээр 2021 оны тавдугаар сард газардаж, гаргийн гадаргуу дээр шинжлэх ухааны даалгавруудаа гүйцэтгэхээр аяллаа эхлүүлсэн билээ.



Zhurong” болон түүнийг дохиог дамжуулахаар Ангарагийг тойрон эргэхээс гадна шинжлэх ухааны судалгаа явуулж байгаа “Tianwen 1” нь Дэлхий рүү 1800 гигабайт боловсруулаагүй мэдээлэл илгээгээд байгаа ажээ.


Улаан нүдэн гараг дээр “Zhurong” нь 1921 метр замыг туулаад байгаа бөгөөд одоогоор үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна.


Хятадын эрдэмтэд “Tianwen-1”-ийн илгээсэн зураг, өгөгдлүүдийг судалсны дүнд уг аппаратын газардсан газрын эргэн тойронд олон геологийн биетүүдийг олж илрүүлж, тэдгээрийн 22-ыг нь Хятадын түүх, соёлын өв бүхий тосгодын нэрээр нэрлэсэн байна.



Related news