Төв номын сан эко уншлагын цэцэрлэгтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-07 14:02:38

Улаанбаатар хотын Төв номын сан гадаах талбайд эко уншлагын цэцэрлэг нээлтээ хийв.

Тус номын сан 2016-2017 оны хичээлийн шинэ жилд уншигчдаа тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэн гадаах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болон уншлагын танхимуудаа засч тохижуулжээ. Тухайлбал, гадаах нийтийн эзэмшлийн талбайгаа орчин үеийн шийдлээр усан толио, чулуун зам, зүлэгжүүлсэн талбай, мод бутаар чимэглэсэн байна.

Зуны зугаатай үе буцсан ч намрын налгар өдрүүдэд оюутан, сурагч, хүүхэд, хөгшид усан толион дэргэд гадна талбайд ном уншиж суух боломжтойгоос гадна нийслэлийн номын сангуудын хувьд анхдагч гэдгийг номын сангийнхан хэлж байна.

Энэхүү цэцэрлэгийг Америкийн Монгол судлалын төвийн санхүүжилтээр, номын сангийн үйл ажиллагааг дэмжигч Д.Жаргалсайхан үнэ төлбөргүй хийж өгчээ. 

Бага насны хүүхдүүдэд зориулсан зуны уншлага, чанга уншлага, үлгэрийн цаг зэрэг үйлчилгээг 06-09 дүгээр сард тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Ж.Болор

Related news