Холливудын зохиолчид ажил хаяжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-05-03 16:09:19

ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. Америкийн Зохиолчдын эвлэлийн /WGA/ кино, телевизийн нэвтрүүлгийн зохиолчид сүүлийн 15 жилийн хугацаан дахь анхны ажил хаялтаа мягмар гаргаас эхлүүлжээ.


Холливудын студиуд, стриминг үйлчилгээний компаниудтай зургаан долоо хоногийн турш хийсэн хэлэлцээ зөвшилцөлд хүрч чадаагүй тул ажил хаялт зарлахаар болсноо Америкийн Зохиолчдын эвлэл даваа гаргийн орой мэдэгдсэн байна. Тус эвлэл нь 11 мянга гаруй зохиолчийг төлөөлдөг.


“Бид шударга гэрээ байгуулахын тулд авч болох хамгийн хүчтэй арга хэмжээг авна. Зохиолчдын эвлэлийн бүх гишүүн ажил хаялтын журмыг дагаж мөрдөх үүрэгтэй. Зохиолчид бол энэ салбарын тулгуур. Бидэнгүйгээр ямар ч бүтээл гарахгүй” гэж тус эвлэл мэдэгдсэн байна.


Зохиолчдын ажил хаялт телевизийн зарим нэвтрүүлгийг тасалдуулж, энэ оны сүүлээр товлосон олон үзвэрийг хойшлогдоход хүргэж болзошгүй байна. Хамгийн сүүлд 2007 онд Зохиолчдын эвлэлийн зарласан ажил хаялтын улмаас Калифорнийн эдийн засагт ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хохирол учирч байжээ.


Энэ удаад зохиолчид Amazon, Disney, Netflix”, Paramount зэрэг томоохон студиудыг төлөөлдөг Кино, телевизийн продюсеруудын холбоотой /AMPTP/ өндөр цалин хөлс, орчин үеийн киноны ашгаас илүү их хувийг авахыг шаардан зөрчилдсөн байна. 

Related news