Японы төв нутагт хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-05-05 22:52:42

ТОКИО. /Kyodo/. Японы төв нутгийн Ишикава муж болон ойр орчмын бүс нутагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн ч цунамийн аюул нүүрлээгүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдээлэв. 


Газар хөдлөлт орон нутгийн цагаар 14:42 цагийн орчимд 10 км-ийн гүнд болжээ. Гал сөнөөгчдийн мэдээлснээр, Сүзү хотод нэгэн эрэгтэй шатнаас унасныхаа дараа зүрх нь зогссон байна. Түүнчлэн тус хотод хоёр барилга нурсан бөгөөд барилга тус бүрд нэг хүн байсан байж магадгүй байна.   


Мөн Нагано, Каназава буудлын хооронд зорчиж байсан гурван суман галт тэрэг цахилгаан тасарсны улмаас ослын зогсолт хийсэн гэж “East Japan Railway” компани мэдээлжээ.


Ишикава дахь “Шика” атомын цахилгаан станц /АЦС/, мөн хөрш зэргэлдээх Ниигата мужийн “Кашивазаки-Карива” АЦС-д ямар нэгэн доголдол үүсээгүйг Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү мэдэгдсэн байна.


Цаг уурын агентлагаас ойрын долоо хоногт дахин газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ. 

Related news