Японы хурдны замууд цахилгаан тээврийн хэрэгсэлд илүү "таатай" болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-05-08 17:03:46

ТОКИО. /NHK/. Японд цахилгаан тээврийн хэрэгслүүдийн жолооч нарт хурдны замаар явахад илүү "таатай" боломж бүрдүүлэхийн тулд замын оператор компаниуд ирэх гурван жилд цэнэглэгч станцуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 


Тус компаниуд энэ оны гуравдугаар сарын эцэс гэхэд 511 цэнэглэгч станцыг суурилуулаад байгаа бол 2026 оны гуравдугаар сар гэхэд энэ тоог 1100 болгох зорилт дэвшүүлжээ.


Мөн Японы төлбөртэй хурдны замуудыг цахилгаан тээврийн хэрэгслүүдэд улам ээлтэй болгохын тулд оператор компаниуд жолооч нараас давхар төлбөр авч байгааг болиулахаар болсон байна. 


Одоогоор цахилгаан тээврийн хэрэгслүүдийн жолооч нар цэнэглэгч станц байхгүй тохиолдолд хурдны замаас гарах шаардлагатай болдог бөгөөд эргээд зам руу орохдоо дахин төлбөр төлдөг байна.


Харин 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн утасгүй төхөөрөмж суулгасан тээврийн хэрэгслүүд хурдны зам руу тодорхой хугацаанд эргэн орсон тохиолдолд дахин төлбөр төлөх шаардлагагүй болох ажээ. 

Related news