“Хү” хамтлаг “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг цацжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-10 10:39:14

ТОРОНТО. /Brave Words/. Дэлхийд алдар нэрээ цуурайтуулж байгаа Монголын “Хү” рок хамтлаг 2022 онд гаргасан “Rumble Of Thunder” цомгийнхоо удахгүй гарах “люкс” хувилбарын шинэ клип, шинэчлэгдсэн дуунуудаараа сонсогчдын сонирхлыг татсаар байна. Саяхан тэд Монголын уламжлалт бүжгээ магтан дуулсан “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг цацаад байна.


Ирэх зургаадугаар сарын 30-наас худалдаанд гарах “Rumble Of Thunder: Deluxe” цомогт үндсэн цомгийн дуунуудаас гадна нэмэлт долоон дуу багтах бөгөөд тэдгээрийн дөрөв нь акустик найруулга, гурав нь дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран шинээр бичүүлсэн уран бүтээлүүд ажээ. Тэд Америкийн алдарт “Alice In Chains” рок хамтлагийн дуучин Уильям Дювальтай хамтран “This Is Mongol” дуугаа, мөн “System of a Down” хамтлагийн дуучин Серж Танкян, “Bad Wolves” хамтлагийн дуучин DL нартай хамтран “Black Thunder” дуугаа цацаад байгаа юм.


“Rumble of Thunder” цомгийн “Mother Nature” /Байгаль эх/ дуунд Монголын соёл хийгээд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хосгүй үнэт зүйлс, хүн байгалийн хүйн холбоог тод харуулдаг. Энэхүү ёс уламжлалыг үргэлжлүүлж байгаагийн илэрхийлэл болгон “Хү” хамтлагийнхан Монголын зүүн өмнөд хэсэгт “Шамбала-2056” төсөлтэй хамтран 12 мянган Сибирийн хайлаас модыг хамтлагийнхаа логоны хэлбэрээр тарихаар төлөвлөж байгаагаа саяхан зарласан билээ.


Өнөөдрийг хүртэл “Хү” хамтлаг дижитал платформуудаар нийтдээ 329 сая гаруй, “Youtube”-д 300 сая гаруй хандалт аваад байгаагаас гадна, “Billboard”-ын шилдэг рок цомгуудын жагсаалтад хоёр цомог нь бичигдэж, аялан тоглолтынх нь тасалбарууд дэлхий даяар борлогдож дууссан амжилт үзүүлээд зогсохгүй “Download, Coachella, Lollapalooza” тэргүүтэй дэлхийн хамгийн том хөгжмийн наадмуудад оролцоод байна гэж Канадын “Brave Words and Bloody Knuckles” хүнд металл, рок хөгжмийн сэтгүүл цахим хуудсандаа онцлон бичжээ. 


Related news