Пакистан улс Оросоос газрын тос юаниар худалдаж авах хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-05-10 15:40:00

ИСЛАМАБАД. /Bloomberg/. Пакистан улс ОХУ-ын газрын тосыг юаниар худалдаж авах урт хугацааны гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар Пакистаны Эрчим хүчний сайд Хуррам Дастгир Хан “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 


“Урт хугацаагаар гэрээ байгуулбал бид төлбөрийг Пакистаны рупи болон Хятадын валютаар хийнэ гэж найдаж байна. Бид гарч болзошгүй бусад боломжуудыг ашиглахын тулд валютын своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болж магадгүй” гэж тэрбээр хэлсэн байна. 


Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүнийг Пакистанд нийлүүлэх талаар хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчид энэ оны нэгдүгээр сард тохиролцоонд хүрчээ. ОХУ-аас импортлох бүтээгдэхүүн ирээдүйд түүхий газрын тосных нь хэрэгцээний 35 хүртэлх хувийг хангана гэж Пакистаны эрх баригчид тооцоолж байгаа аж. Тус улс газрын тос импортлох анхны захиалгаа дөрөвдүгээр сард өгчээ. Эхний ээлжид Оросын газрын тосыг Пакистаны “Refinery Limited" компани боловсруулна. Одоогоор Исламабад Оросоос газрын тос худалдан авах ганцхан хэлэлцэл хийгээд байгаа бөгөөд төлбөрийг нь ам.доллароор хийжээ.

Related news