СҮХБААТАР: Сурагчдад Дарьганга марзайг зааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-11 10:44:41

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Монгол адууг дагасан ёс уламжлал, өв соёл их. Тэдгээрийн нэг бол марзай бөгөөд үүнийг соёлын үнэт биет бус өв гэж үздэг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ соёл мартагдаж, бүр устаж үгүй болох дээрээ тулаад байгаа. Тиймээс уламжлалт өв соёлоо хадгалж авч үлдэх, сэргээх, өвлүүлэх үүднээс өв тээгч Т.Батмөнх сурагчдад Дарьганга марзайг зааж байна.

Уг сургалтыг ахмад сэтгүүлч Я.Түмэннаст санаачилж, аймгийн Соёл, Урлагийн газар хэрэгжүүлж байна. эхний ээлжинд үндэсний өв соёлыг дээдлэн, түгээн дэлгэрүүлэгч Баруун-Урт сумын хоёрдугаар сургуульд хоёр хоног хичээллэсэн бөгөөд энэ хугацаанд нийт 800 орчим сурагч хамрагджээ.


Дарьганга марзай нь уралдааны замд хүүхэд морь хоёроо эсэн мэнд яваад ирэхийг гуйсан нэг төрлийн тарни юм. Газар газрын марзай өөр өөр ая дан, утгатай. Дарьганга марзайг бусдаас илүү уянгалаг, аялгуулаг гэж эрдэмтэд үздэг. Жишээлбэл, хөгжмийн зохиолч Г.Бирваа гуай, би олон марзай сонсож судалж байсан. Гэхдээ Дарьганга марзай шиг ийм сайхан уянгалаг аятай марзайг сонсож байгаагүй. Энэ бол нэр төрлийн бэсрэг уртын дуу юм гэж тодорхойлсон байдаг. нөгөө талаар Сүхбаатар бол хурдан адуугаараа алдартай, адууны нутаг. Тэгэхээр бид хурдан адууны энэ сайхан соёлоо хамгаалж үлдэх ёстой. Устаад, огт үгүй болчихвий гэхээс их эмээж, эмзэглэж явдаг. Тиймээс аймгийн Соёл, Урлагийн азарт сана тавьж, сургалтаа эхлүүлсэн гэж ахмад сэтгүүлч Я.Түмэннаст хэллээ.


Харин биет бус өвийг өвлөн уламжлагч Т.Батмөнх хэлэхдээ, эмээ маань сайхан марзайлдаг хүн байсан. Сумын наадам эхлэхэд буюу азарга уралдааны замд гарахад эмээ маань марзайлдаг, түүнийг нь нутгийн хүүхэд багачууд дагаад л марзайлдаг байлаа. Би багаасаа марзайлж сурсан, ээж маань ч бас марзайлдаг. Манай гэр бүлийн тухайд дарьганга марзайг хэдэн үеэрээ өвлөн авч ирсэн. Тиймээс би ч цаашид өөрийн мэддэгээ илүү олон хүүхэд багачуудад зааж өгөхийг хүсдэг гэлээ.

Төрийн тахилгат Алтан овоог тахиж эхэлсний 110 жилийн ой энэ онд тохиожбуй бөгөөд 8 дугаар сард төрийн тахилга болно. Үүнтэй холбоотойгоор цаашид сургалтыг үргэлжлүүлж, Алтан овооны тахилгын өмнө тодорхой тооны хүүхдэд Дарьганга марзайг зааж сургахаар төлөвлөжээ.

 

 

Related news