Таиландын сонгууль: Цэргийнхнийг шоконд оруулсан өөрчлөлтийн давлагаа

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-05-17 16:48:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн ням гарагт Таиландад болсон парламентын сонгуульд ардчиллын төлөөх сөрөг хүчний намууд ялалт байгуулж, цэргийнхний ивээлд байдаг улс төрийн хүчнийхэн ялагдал хүлээлээ.


Нийт саналын 99 хувийг тоолсны дараах байдлаар, сөрөг хүчний “Урагшаа хөдөлгөөн” нам 151 суудал, “Фө Тай” нам 141 суудал /нийт 500 суудлаас/ тус тус авсан бол цэргийнхний дэмжлэгт тулгуурладаг хоёр нам 55 ба 50 суудал авахаар байна. Жагсаалтын гуравдугаарт мөн сөрөг хүчний “Пумчай Тай” /Тай үндэстний бахархал/ нам бичигдэж, 70 суудал авах төлөвтэй болжээ. Ингэснээр сөрөг хүчнийхэн итгэлтэйгээр ялалт байгуулж, ялангуяа залуусын дэмжлэгийг хүлээдэг сөрөг хүчний “Урагшаа хөдөлгөөн” нам хамгийн олон санал авсан нь дэмжигчдийг нь хүртэл гайхширалд автууллаа


Үүний сацуу цэргийн хунтын байгуулсан намууд маш цөөн суудал авсан нь цэргийнхнийг бүр ч илүү шоконд оруулжээ. Ерөнхий сайд П.Чан-Оча-гийн тэргүүлдэг “Нэгдмэл тай үндэстэн” нам дөнгөж 36 суудал, шадар сайд Правит Вонгсуваны “Ардын төрийн хүч” нам 40 мандат авч, нэг дор 76 суудлаа алдсан байна. Урьдчилсан дүнгээр, цэргийнхний ивээлд байдаг улс төрийн хүчнүүд нийт суудлын 30 хүрэхгүй хувийг авах төлөвтэй байна.


Энэ удаагийн сонгуулийн дүн нь 2014 онд төрийн эргэлт хийж, засгийн эрхэнд гарсан цэргийн хунтын засаглалаас тайландчууд залхаж эхэлснийг харууллаа. Тайландын 66 сая хүн амын 52 сая орчим нь сонгуульд оролцох эрхтэй ба парламентын доод танхимын 500 гишүүний 400-г нь нэг мандаттай тойргуудаас, үлдсэн 100-г нь намын жагсаалтаар сонгодог ажээ. Энэ удаагийн сонгуулиар сонгогчдын ирц түүхэнд байгаагүй өндөр буюу 75,2 хувьтай байв.



Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа “Урагшаа хөдөлгөөн”-ий удирдагч Пита Лимчароенрат мэдэгдэл хийж, Ерөнхий сайд асан, одоо гадаадад амьдарч буй Таксин Чинаватыг дэмжигчдийн байгуулсан “Феү Таи” нам болон сөрөг хүчний бусад 4 намынханд хандан эвсэл байгуулахыг уриаллаа. Гэвч тус улсын сонгуулийн тогтолцооны онцлогоос шалтгаалан, парламентын доод танхимд ердийн олонх болсон улс төрийн хүчнүүд хоорондоо эвсэж, засгийн газраа байгуулахад багагүй бэрхшээл тулгарна.


"The Guardian" сонинд бичсэнээр, сөрөг хүчний намууд засгийн газрын тэргүүний албан тушаалд өөрийн хүнийг нэр дэвшүүлэхийн тулд парламентын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд наад зах нь 376 суудал авсан байх ёстой. Мөн Тайландын Ерөнхий сайдыг томилоход доод танхимаас гадна дээд танхим болох 250 гишүүнтэй Сенат оролцдог. Цэргийнхний томилсон Сенатын гишүүд сонгуулийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хориг тавьж магадгүй боловч сөрөг хүчин илт давуу ялсан учраас ийм алхам хийж зүрхлэхгүй болов уу. Гэхдээ 2020 онд сөрөг хүчний  "Ирээдүйн төлөөх нам"-ыг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр тарааж байсныг эргэн санавал ялсан намуудын эсрэг "хачирхалтай шийдвэр" гаргаж болзошгүй гэх болгоомжлол бий.


Эргэн сануулахад, 2014 онд хагас жил орчим үргэлжилсэн жагсаал цуглааны дараа цэргийн эргэлт гарч, зэвсэгт хүчний командлагч, генерал Прают Чан-Оча засгийн эрхийг авч, Ерөнхий сайд асан Йинглак Чинаватыг огцруулж байв. Тайландын эзэн хаан Пумипон Адульядет генерал Чан-Оча-г Засгийн газрын тэргүүнээр томилсон ба шинэ Ерөнхий сайд удахгүй парламентын сонгууль явуулна гэж амлажээ. Гэвч бүхэл бүтэн 5 жилийн дараа болсон сонгуулийн дүнгээр Чан-Оча дахиад Ерөнхий сайдаар боловЕр нь бол, 1932 онд Тайландад үндсэн хуульт хаант засаглал тогтсоноос хойш 13 удаа цэргийн эргэлт гарсан ажээ. 2019 онд генералын удирдсан нам “Фө Тай” намаас цөөн санал авсан боловч цэргийнхнийг дэмждэг намуудтай эвсэл болж, засгийн газраа эмхлэн байгуулж байв.  


Залуусын нам ялсны учир   


Сөрөг хүчний удирдагч, 42 настай Пита Лимчароенрат Харвардын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр хэдхэн жилийн өмнө улс төрд орж ирсэн боловч богино хугацаанд нэр хүнд нь огцом өссөн байна. Тэрбээр өмнө нь эцгээсээ өвлөж авсан цагаан будааны тос үйлдвэрлэх бизнесийг үргэлжлүүлж байсан ба эцэг нь Хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, авга ах нь 2006 онд түлхэгдэн унасан Ерөнхий сайд Чинаватын үед Гадаад харилцааны сайдын туслахаар ажиллаж байжээ.


Лимчароенрат-ын удирдсан залуусын нам сонгуульд ялалт байгуулсан нь “хаан, түүний гэр бүлийн гишүүд ба хаант тогтолцоог гутаан доромжилсон хүнд 3-15 жилийн ял оноох тухай Эрүүгийн хуулийн заалтыг эрс шүүмжилж байсантай холбоотой гэж зарим ажиглагч үзэж байна. Хоёр жил гаруйн өмнө Бангкок хотын шүүхээс хааныг шүүмжилсэн 65 настай эмэгтэйд 43 жил 6 сарын ял оноосон нь олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Одоогийн хаан Маха Вачиралонгкорн Рама X дээрх зүйл ангийг хүчингүй болгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн боловч цэргийнхний эсэргүүцэлтэй тулгарснаар тэгсхийгээд чимээгүй болжээ. Ер нь бол, “Урагшаа хөдөлгөөн” нам зэвсэгт хүчин ба хаант засаглалын тогтолцоонд шинэчлэл хийхийн төлөө тэмцэж байгаа нь залуу сонгогчдын дэмжлэгийг хүлээж, консерватив үзэлтнүүдийн дургүйцлийг төрүүлдэг.


Зураг дээр: генерал Прают Чан-Оча


Түүнээс гадна, “Урагшаа хөдөлгөөн”-ий гялалзсан ялалт нь тэрбумтан Жорж Соросын дэмжлэгтэй холбоотой учраас өмнөх засгийн газрын Хятадыг түших бодлого нь одоо Баруунд талтай бодлогоор солигдоно гэх дүгнэлтийг зарим ажиглагчид хийсэн аж. Тодорхой хэлбэл, АНУ ба Хятад улстай Тайландын тогтоосон харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ гэдэг асуудал хамгийн ихээр анхаарал татаж байна. Зүүн Өмнөд Ази дахь АНУ-ын хамгийн итгэлтэй түнш гэж өөрсдийгөө нэрлэдэг байсан Бангкокийн эрх баригчид 2014 оны цэргийн эргэлтийн дараачаас Хятадтай илүү ойртох бодлого баримталж эхлэв. Хил дамнасан тээврийн коридорууд бий болж, Хятадын хөрөнгө оруулалт Тайланд руу урсаж, Хятадын зэвсгийг худалдан авах болжээ.


Хоёр талын хооронд Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар ямар нэгэн зөрчил маргаан байхгүй учраас харилцаа нь гүнзгийрэн бэхжив. Үүнтэй зэрэгцээд Бангкок-Вашингтоны цэргийн хэлхээ холбоо суларсаар, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегийн удирдамжинд Тайландыг дурдаагүй тохиолдол ч гарчээ.


...Одоо Үндсэн хууль ба Сонгуулийн хуулийн дагуу, Сонгуулийн хорооны Мандатын комисс тойрогтоо ялалт байгуулсан нэр дэвшигчдийн саналын хуудсуудыг нягтлан шалгах ба ялагчдын нэрсийг 60 хоногийн дараа эцэслэн зарлана. Үүний дараа парламентын бүрэлдэхүүн тодорхой болсноор спикер ба Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг батлах юм. 

Related news