ДАРХАН-УУЛ: Хүнс үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх олон боломж бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-24 15:08:26

Дархан /МОНЦАМЭ/. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд Дархан-Уул аймаг нэгдэхээ илэрхийлж өнгөрсөн онд эхлүүлсэн. Газар тариалангийн бүс нутгийн голлох аймгийн нэг бөгөөд төмс, хүнсний ногоо, нарийн ногоог иргэн, ААНБ-ууд тарьж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Улсын хэмжээний нарийн ногооны үйлдвэрлэлийн 17 хувийг дангаараа хангадаг аймаг бөгөөд хүнсний хувьсгалд нэгдсэнээр 25 хувьд хүргэх зорилт дэвшүүлж тооцоолол гаргасныг аймгийн Засаг дарга Б.Азжаргал онцоллоо.


Мөн газар тариалангийн бүс нутгийн хувьд гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Дарханул аймагт Улаанбаатар, Өег, Өгөөж зэрэг таван томоохон гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрүүд аймгийн нийт иргэдийн хэрэглээнээс тав дахин илүү гурил үйлдвэрлэдэг аж. Иргэдийн хэрэглээнээс давсан илүү гурилыг Улаанбаатар хот руу нийлүүлэхийн зэрэгцээ экспортод бүтээгдэхүүнээ гаргахаар судалгаа, тооцооны ажлыг эхлүүлсэн гэдгийг тодотгов.




Дархан-Уул аймгийн хэмжээнд газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг өргөжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхэд олон ажил төлөвлөн ажиллаж байна.




2022 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дарханул аймагт ажиллаж хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан “Хүнсний хувьсгал”-ын талаар мэдээлэл өгч, өрх бүр хүнс үйлдвэрлэгч болохыг уриалсан. Энэ хүрээнд Орхон сумын ногоочдын төлөөлөлтэй уулзан санал сонсож, шийдвэрлэх боломжтой зарим асуудлыг холбогдох яам, орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон.




Тус сумын ногоочид техник, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хангамжийг сайжруулах, хаврын тариалалт, намрын ургац хураалтад ажиллах хүчнийг нэмэгдүүлэхэд анхаарч хүний оролцоо бага, олон үйлдэлт техникийг газар тариалангийн бүс тэр дундаа төмс, хүнсний ногоо тариалагчдад хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах гарц гаргаж шийдвэрлэж өгөхийг хүссэн. Энэ хүрээнд орон нутагтаа техник дундын баазыг байгуулж, хүнсний ногоо тариалж буй иргэдэд техникийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Мөн тариа, ногоо хураахад хамгийн их хэрэглэдэг комбайнууд авч байна.




Түүнчлэн хамгийн чухал зүйл нь Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргавал атар газар эзэмших боломж бас бүрдэж буйг аймгийн Засаг дарга дурдлаа. Тодруулбал, 1.5 мянга орчим га газрыг шинээр эргэлтэд оруулах боломж бий гэдэг судалгааг хийсэн аж. Засгийн газраас тариалангийн бүс нутгууддаа чиглэсэн шийдвэр гаргаж, атар газар эзэмшвэл дээр хэлсэн зорилтууд 17 хувиас нэмэгдэж 25 хувьд хүргэх боломж бий аж.




Тиймээс Улаанбаатар хотын мах, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахад энэ бүх боломжоо ашиглаж атар газар эзэмшиж тариалалтыг нэмэгдүүлж бодит ажил хэрэг болгох боломж бий гэдгийг хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа аймгийн Засаг дарга Б.Азжаргал онцоллоо.










Related news