Цааснаас цахимд шилжээд...

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-05-26 18:48:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөний цахим технологийн хөгжлийн эрин үед монголчууд цахим шилжилтийг харьцангуй богино хугацаанд амжилттай хийж байгаагийнхаа үр дүнг харж эхэллээ.


Бидний цахим үндэстэн болох нь холын мөрөөдөл гэлцдэг үе нэгэнт ард хоцорсон байна. Ердөө хоёр жил гаруйн өмнө технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх маш том алхмыг “E-Mongolia” платформ хийж байлаа. Тэгвэл өнөөдөр уг платформ  шинэчлэгдэж, ашиглахад илүү амар хялбар, боловсронгуй болсны зэрэгцээ урьдчилсан мэдэгдэл авах, мэдээллээ хянах, илүү олон баримт бичиг, лавлагаа зэргийг цахимаар шууд ашиглах өргөн боломж нээгдсэн. Төрийн цахим үйлчилгээний энэхүү платформоор дамжуулан өнөөдөр монголчууд нэг мянга орчим үйлчилгээ, мэдээллийг авдаг болжээ.


Өнөөдөр хүн төрөлхтөний аж байдал технологийн хөгжлөөс асар их хамааралтай болж байгаатай бид зэрэгцэн оршихоос өөр сонголт үгүй. Мөнхүү хүний хөдөлмөр, цаг хугацааг асар ихээр хэмнэж хөнгөвчлөх шинэ технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, хэрэгцээ шаардлагадаа нийцүүлж байх нь зүй ёсных.

 

Манай улсын хувьд төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, иргэдэд хүртээмжтэй сайн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх, авлига, далд эдийн засгийг үгүй болгох гэх мэт маш олон талын төлөвлөгөөндөө технологийн ололтыг ашиглах зорилго тавьж байгаа. Энэ зорилгынхоо зах зухад хүрч байгаа ч гэж хэлж болох юм. Нэг ёсондоо цахим шилжилтийг зөвхөн технологийн шийдэл гэж харахаас илүүтэй манай улсын өнөөгийн нөхцөл байдал, шударга нийгмийн хүлээлт захиалгад онцгой нөлөө үзүүлэх арга зам болж байна. Тухайлбал  “E-Mongolia” цахим системийг 2020 оны аравдугаар сард нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж байсан бол өнөөдөр 81 байгууллагын 986 үйлчилгээ, мэдээллийг өгдөг, мэдээллийн томоохон баазтай болж өргөжжээ. Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 72 хувь буюу 1.5 сая нь уг системийг ашигладаг болж, 28 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар авсан байна. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар өнгөрсөн хоёр жил долоон сарын хугацаанд иргэдийн 254 тэрбум төгрөг, 14 сая цаг, 28 сая хуудас цаас хэмнэсэн гэсэн тооцоо судалгаа гарсан аж. Богино хугацаанд чамлалтгүй амжилттай ажилласны жишээ гэж хэлж болох юм. Энэ систем илүү ухаалаг болохын хэрээр цаасан мэдээлэл цахим хэлбэрт шилжиж, төр иргэний хоорондын уялдаа холбоо сайжрах, орчин цагийн хурдтай амьдралын хэв маягт илүүтэй зохицох бололцоог бүрдүүлнэ гэсэн үг.


Түүнчлэн цахимжсан мэдээллийн нэг сайн тал нь иргэдийн мэдэх эрх нээлттэй болно. Тэр хэрээр бидний хүсээд буй авлигагүй, далд эдийн засаггүй, цэвэр шударга төр, шинэ нийгмийн эх суурь тавигдах юм. Сүүлийн үед мэдээлэл харьцануй ил болж байгаагаас үүдэн олон нийтийг бухимдуулсан маш олон үйл явдал ар араасаа дэлгэгдэн гарч байна. Энэ нь хаана ямар алдаа завхрал гарч байсан, юуг засаж сайжруулах шаардлагатай вэ, хэрхвэл сайн засаглал бүрэлдэн тогтох вэ гэдгийг олж харах цонх болж чадаж байгаагийн жишээ гэж үзэх боломжтой.  

 

Технологийн дэвшлийн эдийн засгийн үр нөлөө жил ирэх тусам нэмэгдэж байдаг байна. Учир нь далд хэлбэрт байсан эдийн засгийг мэдээллийн ил тод нөхцөл хязгаарлана. Ингэснээр алдагдаж байсан эдийн засгийн ашиг аажмаар нөхөгдөж эхэлдэг аж. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам.долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрснээр ханш тогтворжиж, 2008 оноос хойш анх удаа төлбөрийн тэнцэл эерэг гарсан. Мөн Монгол Улс гадаад өрийн дампуурлаас гарч, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” гэсэн төлөвт хадгалж чадсан. Энэ бүхэн нь шууд утгаараа технологийн дэвшлийн ашиг тус гэж хэлэхгүй ч манай эдийн засгийн нөхцөл байдал боломжийн түвшинд дээшилж байгааг хэлэхэд илүүдэхгүй.


Ерөөс энэхүү “E-Mongolia” платформ тодорхой хэмжээгээр сайн нөлөөгөө үзүүлэхэд мэргэжлийн чадварлаг инженерүүдийн хүч хөдөлмөрөөс гадна бодлогын дэмжлэгийг олон талаас нь үзүүлж ирсэн явдал чухал үүрэг гүйцэтгэсэн. Мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэхэд үе үеийн Засгийн газрын хүчин чармайлт өөр өөрийн үүргээ хангалттай гүйцэтгэж байсан юм. Тухайлбал цахимжуулах ажлын бэлтгэл, дэд бүтцийн бэлтгэлийг эртнээс хийж, бүх аймаг шилэн кабелийн сүлжээнд холбогдсон нь цахим шилжилтийг түргэн хугацаанд амжилттай хийхэд ихээхэн түлхэц болсныг хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна монголчуудын цахим хэрэглээ харьцангуй өндөр байдаг нь цахим үйлчилгээг түргэн зуур нэвтрүүлэхэд ихээхэн дөхөм болсон ч гэж үздэг. Юутай ч төрийн үйлчилгээ цааснаас цахимд шилжиж, мэдээлэл ил тод, үйл ажиллагаа хяналттай болсноор цаг хугацаа хэмнэх, иргэдэд учрирдаг зардал, чирэгдэл, хүнд суртлыг багасгахаас өгсүүлээд олон өөрчлөлтийг бид өдөр ирэх тусам илүү тод харахаар байна. 

Related news