Азийн физикийн XXIII олимпиадад Хятад, ОХУ-ын баг түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-27 19:57:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн физикийн XXIII олимпиад амжилттай өндөрлөж, дүнгээ гаргалаа.


Нийт 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн юм. Нийт 50 онооны 5 бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжсэн байна.

Ингээд олимпиадын дүн гарахад хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авчээ.


Олимпиадын дүнг гаргаж, байр эзлүүлэхдээ дараах дүрмийг баримталжээ. Эхний 3 хүүхдийн дундаж оноо болон медиан дунджийг 2-оор үржүүлсэн онооны аль багыг 100 хувь гэж авдаг. Энэ удаад эхний 3 сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болсон. Тиймээс 21.5 оноог 100 хувь гэж авч үзнэ. Энэ тооцоолол ёсоор сурагчдыг дараах байдлаар байр эзлүүлжээ.

Алт - 90-100 хувь буюу 19 онооноос дээш

Мөнгө - 78-90 хувь буюу 16 онооноос дээш

Хүрэл - 65-78 хувь буюу 13 онооноос дээш

Шагналт байр  - 50-65 хувь 10 онооноос дээш

 

Ингээд Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангасан байна. Тайвань 5 алт, 2 мөнгө, Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл, Израил 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл, Олимпиадыг зохион байгуулагч Монгол Улсын багийн тухайд 1 хүрэл медаль хүртсэн байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш болох юм.

Related news