ДАРХАН-УУЛ: ОХУ-ын техникийн “Спецмаш-2023” үзэсгэлэнд 50 гаруй ААН оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-31 09:01:00

Дархан /МОНЦАМЭ/. Найрамдал талбайд ОХУ-ын 20 гаруй ААНБ-ын хөдөө аж ахуй, зам, барилгын техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа гарч байна. Үзэсгэлэнг өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулахаар талууд тохирсон бөгөөд энэ сарын 30, 31-ний өдрүүдэд болно.




Уг үзэсгэлэн хоёр улсын эдийн засаг, нийгмийн харилцааг салбар болон бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх, үйлдвэрлэгчдийн шинэ бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, таниулах зорилготой болж байгаа аж. Үзэсгэлэнд оролцогч ОХУ-ын ААНБ-ууд хуучин түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бататгах, шинэ түншүүдтэй хамтран ажиллахаар ирсэн. Мөн өмнө нь нийлүүдсэн техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, ажиллагаатай холбоотой зөвлөгөө өгөх, ХАА-н үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад техникийн ямар тусламж үйлчилгээ хэрэгтэй байгааг харилцан ярилцах, захиалга өгөх зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.




Үзэсгэлэнгийн нээлтэд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн яамны ХХАА, зам барилга, машин үйлдвэрлэлийн газрын дарга Мария Игоревна Ёлкина, ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, ОХУ-аас Дархан хотод суугаа консул Руслан Амирович Зайнутдинов, Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев болон аймгийн холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо.




Мөн энэ хүрээнд "Дархан-50" цогцолборт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэн яармаг зохион байгуулж байна. Дархан-Уул аймаг 2023 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарласан. Хамтарсан үзэсгэлэн, худалдаанд хоёр улсын нийт 50 гаруй ААНБ оролцож байна.




Үзэсгэлэнд ОХУ-ын худалдаа эрхлэгчид хүнсний болон хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэнд, гоо сайхны олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүд түлхүү дэлгэжээ.




Түүнчлэн монголчуудын хамгийн их худалдан авалт хийдэг годон гутлаас гадна Байгаль нуур орчимд ургадаг ховор ургамлаар бэлтгэсэн цэвэр цайны ханднууд, бор будаатай зөгийн бал зэрэг 100 хувь органик бүтээгдэхүүнүүд худалдаж байна.

Related news