“Запорожье” АЦС-ыг хамгаалах таван зарчмыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-31 12:52:01

НЬЮ-ЙОРК. /NHK/. Олон улсын атомын эрчим хүчний байгууллагын /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросси Украины “Запорожье” атомын цахилгаан станцын /АЦС/ аюулгүй байдлыг хангах таван зарчмыг санал болгожээ. Уг станц нь 2022 оноос хойш Оросын цэргүүдийн хяналтад байгаа юм.


ОУАЭХА-ийн тэргүүн мягмар гарагт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр саналаа дэвшүүлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, станцын аюулгүй байдал “маш эмзэг, аюултай” хэвээр байгааг цохон тэмдэглээд, тус бүсэд байлдааны ажиллагаа үргэлжилж, ойрын хугацаанд улам эрчимжиж магадгүй байгааг онцолжээ.


Түүний санал болгосон зарчмуудад, АЦС-ын бүсээс болон уг станц руу ямар ч дайралт хийх ёсгүй түүнчлэн станцын байрыг хүнд зэвсгийн агуулах, баазын зориулалтаар ашиглаж болохгүй гэж заажээ. Мөн станцын цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг тогтвортой хангахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргах ёстойг дурдсан байна.


Р.Гросси Орос, Украины талуудын аль алинаас таван зарчмаа дагаж мөрдөхийг хүссэн ч Орост станцыг орхин явахыг уриалаагүй байна. Их буугаар галласны улмаас цахилгаан хангамж нь удаа дараа тасалдаад байгаа АЦС-ын аюулгүй байдалд олон нийт санаа зовних болоод буй энэ үед ОУАЭХА дээрх саналыг дэвшүүлжээ. Р.Гросси Орос, Украины төлөөлөгчидтэй хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн боловч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. 

Related news