15, 16 настнууд шатрын улсын аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-31 12:51:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ивээл дор зохион байгуулагдсан "Ховд-2023" шатрын насанд хүрэгчдийн УАШ эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн шигшээ тэмцээн Ховд аймгийн Ховд хотноо 2023.05.19-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

 

Тэмцээний нээлттэй ангилалд "Элит брейн" академийн тамирчин Дэлхийн шатрын холбооны мастер М.Амилал түрүүлж алтан медаль хүртсэн бол, Өвөрхангай аймгийн "Их заргач" клубын дасгалжуулагч Их мастер Г.Мөнхгал мөнгөн медаль, Ховд аймгийн "Гэгээн арвай" клубын тамирчин Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болжээ. Харин шагналт 4-р байрт Завхан аймгийн "Гэгээн арвай" клубын тамирчин олон улсын мастер Г.Амартүвшин, 5-р байрт Ховд аймгийн олон улсын хэмжээний мастер С.Чингүүн шалгарчээ.

 

Эмэгтэй ангилалд тэргүүн байрыг "Хан-Алтай" клуб, 52-р сургуулийн тамирчин спортын дэд мастер Э.Хүслэн эзэлсэн бол, "Босоо ноён" клубын Дэлхийн шатрын холбооны дэд мастер Х.Баясгалан, "Гэгээн Арвай" клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Энхсаран нар удаалж мөнгө, хүрэл медаль хүртлээ.


Шагналт 4-р байрт "Хангарьд" клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул, 5-р байрт "Стейниц" Монголын шатрын академи, 31-р сургуулийн тамирчин спортын дэд мастер Э.Энхрий нар шалгарлаа. 

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн шигшээ тэмцээний нэг онцлог нь шинэ залуу аваргыг өлгийдөж авсан явдал юм. "Хан-Алтай" клуб, 52-р сургуулийн тамирчин, спортын дэд мастер Э.Хүслэн 15 настайдаа улсын аварга шатарчнаар тодорсон бахдам амжилт гаргасан бөгөөд 11-р тойргийн тоглолтод Э.Хүслэн хар өнгөөр наадаж ДШХДМ Б.Амин-Эрдэнийн эсрэг хожил байгуулж, 11 өргөөс 7.5 хожилтой коэффицентийн давуугаар Монгол Улсын аварга цол хүртлээ. Ингэснээр эмэгтэйчүүдийн улсын 26 дахь аварга болов.

 

Ховд аймагт болсон шатрын 61 дэх удаагийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд "Зууны шатар" клубын тамирчин, дэлхийн шатрын холбооны мастер 16 настай тамирчин М.Амилал Монгол Улсын 33 дахь аваргаар тодорлоо. Монголын шатрын түүхэнд 16 настайдаа хамгийн залуу улсын аваргаар тодорсон М.Амилал олон ястны өлгий нутагт 11 өргөөс нэг ч хожигдолгүй 8.5 оноогоор алтан медалийн эзэн болсон юм. 

Ийнхүү өнөө жилийн шатрын УАШТ-ийг 15, 16 настнууд манлайлжээ.

Related news