Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийг 7 дугаар сард ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-02 11:22:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн дунд байрлах Бортээгийн хэсгийн талбайд хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг 7 дугаар сард ашиглалтад оруулна.


Үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай байгаа бөгөөд баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор уурхай удаан хугацаанд ажиллаж, бүтээгдэхүүний гарц нэмэгдэх ач холбогдолтой юм. Баяжуулах үйлдвэр нь 4 модуль бүхий жилийн 15 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай, Тавантолгойн ордын 8, 9, 10, 11, 12 дугаар давхаргын хагас зөөлөн коксжих нүүрсийг баяжуулан сайн чанарын баяжмал болгоно.


Түүнчлэн, үйлдвэр ашиглалтад орсноор эдийн засгийн үр өгөөж арвин байхыг төслийг гүйцэтгэж буй “Админерал” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Б.Гансүх тодотгожээ. 


"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн УУТГ-ын дарга Ч.Алтанбагана хэлэхдээ “Үйлдвэр ажиллахад эхэлснээр 150 хүнийг ажлын байраар хангана. Мөн ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашигласнаар экспортын орлогыг нэмж, бүтээгдэхүүний чанарт тавих шаардлагыг оновчтой хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах олон давуу талтай” гэжээ.


Эрдэнэс Тавантолгой” ХК энэ онд 30 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж, хагас жил хүрэхгүй хугацаанд 10 сая гаруй тонныг борлуулсан байна. Одоогоор компанийн борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар давсныг өмнөх оныхтой харьцуулахад 14 дахин өсжээ. Цаашид энэ үзүүлэлтийг тогтмол өсгөж, ашигтай ажиллах гарц нь нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл байх бөгөөд удирдлагууд энэ бүтээн байгуулалтад онцгой ач холбогдол өгч байгааг тус компаниас мэдээллээ. 

Related news