ДАРХАН-УУЛ: Сурагчдын нас, биеийн өндөрт тохирсон ширээ, сандалтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-06-07 08:02:13

Дархан /МОНЦАМЭ/. Дархан сумын 1, 12, 15, Орхон сумын ЕБС, Хонгор сумын 11, 14 дүгээр сургуулийн сурагчийн ширээ сандлыг шинэчилж байна. Энэхүү ажил нь аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн ИТХ-аас баталсан “Боловсрол-2032” хөтөлбөр, багш сурагчдаас гарсан санал хүсэлтийн дагуу үе шаттай хэрэгжүүлж байгаа аж. Ингэхдээ ЕБС-иудын сурагчийн ширээ, сандлыг стандартад нийцүүлэн шинэчлэн солих шаардлагатай гэж аймгийн Засаг дарга онцолж байсан.




Энэ хүрээнд сурагчийн ширээ, сандлыг үйлдвэрлэгч компани болон ЕБС-ийн захирлуудтай уулзаж нийлүүлж буй шинэ ширээ сандлууд захиалагчийн хэрэгцээ шаардлагыг байгаа эсэх, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйн дээр сурагчд биед тохирч байгаа эсэхийг тодрууллаа.

Сургуулийн захирлууд хэлэхдээ бага ангийн сурагчдын ширээ сандал хэт намхан, зөвхөн нэг, хоёрдугаар ангийн сурагчдын нуруунд тохирсон стандартаар хийгддэг нь 3-5 дугаар ангийн сурагчдад нийцэхгүй байна гэв. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж  хүүхдийн нас, биеийн өндөрт тохируулан үйлдвэрлэх шаардлагатай байгааг уламжиллаа. Энэ нь зөвхөн бага ангийнханд бус дунд, ахлах ангийн сурагчдад ч тулгамддаг аж.

Тиймээс аймгийн засаг дарга сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, цэвэр модон материалаар нас, нуруунд нь тохирсон стандартын шаардлага хангасан ширээ сандалтай болох нь чухал гэв.

Цаашид төрийн өмчийн ЕБ-ын бүх сургуулийн сурагчийн ширээ сандлыг шинэчлэх аж. Аймаг, орон нутагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах ажээ.

Related news