Маргааш Киришимагийн наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-08 14:36:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Сэргэлэн суманд маргааш дориун нэгэн наадам болно. Нутгийн зон олон нь догдлон хүлээсэн наадам бол нутгийн хүү Б.Лхагвасүрэн нь арлын Японд шинэ озэки цол авсны баяр юм. Шинэ арслангийн наадамд хоёр насны морь уралдаж, сур харваа, хүчит бөхийн барилдаан болох ажээ. Урилга заллага нь ч хэдийнэ бэлэн болж, олонд түгээд амжсан.

 

Озэки цол авахынхаа өмнө Кирибаяма “Озэки, ёкозүна цол бол амархан хүрэхгүй маш өндөр цол. Озэки цол өндөр уул байлаа. Цаашдаа улам хичээхгүй бол болохгүй. Ёслолын дараа Монголдоо харьж амарна. Дөрвөн жил хариагүй байгаа. Сүмод орсноос хойш анх удаа зун харих гэж байна. Хамаатан садан, анд нөхөдтэйгөө уулзана” гэж ярьж байсан билээ.

Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголоос төрсөн 6 дахь озэки болж түүхэнд үлдлээ. Нэгэнт озэки цолонд хүрсэн болохоор цааш ахиулах гэж зүтгэх нь тодорхой. Тэгээд ч түүний өмнөх озэки болох Асашёорюү Д.Дагвадорж, Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар бүгд ёкозүна болж байсан юм.

 

 Тэр хүслээ биелүүлж чадсан. Багшийнхаа нэрийг авч Киришима болсон. Одоо түүнд ухрах, няцах зам байхгүй.

 

Киришима Лхагвасүрэн 1996 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд малчин ард Бямбасүрэнгийн гэр бүлд төржээ. Япон улсад анх хөл тавихад түүний өндөр 180 см, жин 70 кг байсан байна. Жүдо бөхийн бэлтгэл хийдэг нь түүнд давуу тал болж байсан боловч сүмогийн багш нь гадаад бөх авах хүсэлгүй хэмээн дэвжээндээ дурамжхан авчээ. 2015 онд Тэцүо нэрээр анхлан барилдаж байсан тэрбээр сүмогийн доод гурван зиндаанд түрүүлсэн юм. 2019 онд жүрё зиндаанд дэвшин нэг жил хүч үзэж, 2020 оны нэгдүгээр сард дээд зиндаанд дэвшин одоог хүртэл барилдаж байна.

 

2019 оны Хацү башёд дэвшин орсноор Монголоос төрөн гарсан мэргэжлийн сүмо бөхийн 34 дэх цолтой бөх болов. Гурван жил гаруй барилдсаны эцэст цолтой бөх болсон нь тэр. Удалгүй жүрёд 11 давснаар дээд зиндааны хүчтэнүүдтэй мөр зэрэгцжээ. Дээд зиндаанд дэвшсэн талаар хэвлэлийн бага хурал дээр Б.Лхагвасүрэн “Мэргэжлийн сүмод орсон нэг зорилгоо биелүүлж чадлаа. Монголд байгаа гэрийнхэн маань миний барилдааныг үзэж чадах боллоо” хэмээж байв.

 

Киришима Монголоос төрсөн 26, гадаадын 49 дэх дээд зиндааны бөх болсон. 
Тэр Какүрюү М.Ананд аваргыг ихэд хүндэтгэдэг бөгөөд “Өнгөрсөн есдүгээр сард ёкозүна Какүрюү манай дэвжээнд шилжиж ирсэн нь их нөлөө үзүүлсэн. Аваргын зөвлөгөөгөөр жингээ нэмж, 140 кг болсон. Аварга хажууд суугаад хоол идэж дуустал хараад сууж байдаг. Жин нэмсний ачаар өнгөрсөн тэмцээнд 11 ялж чадлаа” хэмээн ярьсан байдаг.

 

Киришима Б.Лхагвасүрэн Харү башёд анх удаа түрүүлснээр Монголын сүмочдын 97 дахь түрүү, ес дэх бөх болсон юм. Бямбачулууны Лхагвасүрэн хэмээх 27 настай энэ залуу Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат, үзэмчний удамт бөх, сумын заан цолтой юм.

 

Related news