Новак Жокович "Их дуулга"-д 23 дахь удаагаа түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-12 15:11:25

ПАРИС. /France24/. Сербийн теннисчин Новак Жокович Roland Garros” тэмцээний шувтаргын тоглолтод Норвегийн Каспер Рудыг 7:6 (7:1), 6:3, 7:5 онооны харьцаагаар хожлоо. Тоглолт ням гарагт Парис хотноо болжээ. 


Н.Жокович 23 дахь удаага “Их дуулгын” тэмцээнд түрүүлж, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хамгийн олон түрүү авсан дээд амжилтын эзэн болжээ. Тэрбээр өмнө нь Испанийн теннисчин Рафаэль Надалийн хамт энэ үзүүлэлтээр нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан юм. “Их дуулгын” ганцаарчилсан төрөлд хожлын тоогоороо Н.Жокович Германы эмэгтэй теннисчин Штеффи Графыг гүйцэж, Америкийн эмэгтэй теннисчин Серена Уильямстай тэнцээд байна.


Энэхүү үзүүлэлтийн дээд амжилтыг Австралийн эмэгтэй теннисчин Маргарет Корт эзэмшдэг хэдий ч тэрбээр 24 хожлынхоо 13 -ыг нь “Нээлттэй үеийн” өмнө (сонирхогчдын болон мэргэжлийн теннис салангид байсан үед) авсан аж.


Серб теннисчин “Roland Garros” тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлж байгаа бөгөөд өмнө нь 2016, 2021 онд хожиж байсан юм. Тэрбээр мөн АНУ-ын нээлттэй тэмцээнд гурван удаа, Уимблдонд долоон удаа, Австралийн нээлттэй тэмцээнд арав түрүүлжээ.


Related news