The Hu: Babymetal-тай дахин хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-16 15:24:05

ЛОНДОН. /Metal Hammer/. Монголын “Хү” хамтлаг металл хөгжмийн ертөнцийн тайзнаа анх 2018 онд гарч ирсэн цагаасаа хойш хүчээ авч, дэлхий даяар аялан тоглож, 2019 онд гаргасан “The Gereg” цомгоороо чартуудыг тэргүүлсэн билээ.   


Бид шүтэн бишрэгчдээс нь бөөгийн шашин мөн “Babymetal”-тай “Хү” хамтлаг дахин хамтрах эсэх зэрэг олон зүйлийн талаар хамтлагийн ахлагч Галаагаас тодруулсныг хүргэж байна. 


-Та хэдэн насандаа морь унаж сурсан бэ? (Жэк Дюдфилд, и-мэйл)

-"Бид их хурдан морь унаж сурдаг, магадгүй бидний гентэй холбоотой байх. Гурван настай хүүхэд морь унах нь Монголд ердийн л зүйл. Миний хувьд бага сургуульд орохоосоо өмнө морь унаж сурч байлаа. Энэ мөч хамгийн хөгжилтэй зуны дурсамж болж үлдсэн. Анх морь унаж сурахдаа морьтойгоо харьцаж сурах, морь унах аюулгүй техникийг эзэмших нь маш чухал. Тиймээс багачуудыг морьтойгоо харьцаж, унаж сурах хүртэл нь ихэвчлэн аавууд, эсвэл ахмад настнууд зааж сургадаг”.


-Та бүхнийг үлдсэн амьдралынхаа турш ганцхан уран бүтээлчийг сонс гэвэл, Та хэнийг сонгох вэ? (Стратосферий, Твиттер)

-“Энэ чинь их хэцүү асуулт байна! Бид маш олон уран бүтээлчийг нэгэн зэрэг сонсдог. Үлдсэн амьдралынхаа турш ганцхан уран бүтээлчийг сонго! гэхээр хэн нэгнийг онцолж сонгохгүй л болов уу".


-Пиццан дээр хан боргоцой байх ёстой юу? Та юу гэж бодож байна? (Раду Патрою, Фэйсбүүк)

"Бид итали хүмүүс биш болохоор пиццаны талаар сайн хэлж мэдэхгүй юм! (инээв) Пиццаг юутай ч хийсэн амттай. Бид махтай пиццанд илүү дуртай".


-2019 онд “Babymetal”-тай хамтран гурван тоглолт хийх ямар байсан бэ? (Паркер Буиссов, Фэйсбүүк)

-“Babymetal бол гайхалтай хамтлаг. Тоглолтын үеэр өгч буй урам зориг, эрч хүчийг нь юутай ч зүйрлэшгүй. “Babymetal”-тай дахин хамтран ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна, тэд гайхалтай уран бүтээлчид төдийгүй аялан тоглолтын сайн хамтрагчид”.  


- Та бөө мөргөл шүтдэг үү? Орчин цагийн Монголд бөөгийн шашин хэр нөлөөтэй вэ? (Рут Харрис, Твиттер)

-"Үгүй ээ, гэхдээ бид бөөгийн шашныг хүндэтгэдэг. Бусдад хор хөнөөл учруулахгүй л бол энэ дэлхийн бүх шашныг бид хүндэтгэнэ. Орчин үеийн Монголд хуучин цагийнх шиг шашин бүрийг хүлээн зөвшөөрч, хүндэлдэг учраас бид бие биенийгээ хүлээн зөвшөөрч зэрэгцэн амьдардаг. Бөө удган, христийн номлогч, лам хувраг бүгд нэг хотод амьдарч болно. Хэн ч үүнд санаа зовдоггүй. Монголчуудын хувьд сайн хүн үү, муу хүн үү гэдгийг л чухалчилдаг”.


-Таны хамгийн дуртай Монгол ардын үлгэр юу вэ? (Кэти Ли, и-мэйл)

-“Миний дуртай хоёр үлгэр бол Гэсэрийн тууль ба Жангарын тууль юм. Эдгээр гайхалтай туульсыг уншаарай гэж хүмүүст зөвлөмөөр байна. Бид бүхний, Монголын соёлын хамгийн үнэт зүйлсийг агуулсан учраас бидний оюун санааны талаар хосгүй ойлголтыг өгнө".


-Би яаж хөөмийлж сурах вэ? (Сенаж_01, Tвиттер)

-"Юун түрүүнд хөөмийний талаар анхны мэдэгдэхүүнтэй байх ёстой. Тиймээс хөөмийн гарын авлагаас эхлэн суралцахыг зөвлөж байна. Хөөмийлөх техникийг сурсны дараа, олон удаа давтаж дадлагажих нь маш чухал. Энэ бол нэг шөнийн дотор сурчих техник биш учраас хэдий чинээ удаан давтана, төдий чинээ дуу хоолойгоо чичиргэж хөөмийлж сурна”.


-Та бүхний уран бүтээлүүд “Star Wars Jedi: Fallen Order”, “The Sims 4” зэрэг тоглоомуудад эгшиглэдэг. Бүх цаг үеийн хамгийн дуртай видео тоглоом чинь юу вэ? (Луис Фостер, и-мэйл)

-“Бидний хувьд аялан тоглолтын шахуу хуваарьтай байдаг учраас видео тоглоомууд оргилсон их эрч хүчээ дарахад гол туслах болдог. “UFC”, хөл бөмбөгийг одоогоор бид илүүтэй дурлан тоглож байгаа, “Fallen Order”-ыг анх гарах үед нь бид байнга тоглодог байсан учраас “Star Wars”-ын тоглоомоор зогсохгүй ертөнцөд нь зориулан илүү олон уран бүтээл гаргана гэж найдаж байгаа”.


- Хилийн чанадтай харьцуулахад хамтлагийн тань Монгол дахь нэр хүнд хэр вэ? (Хью Маннити, Фэйсбүүк)

-"Монголчууд биднийг маш их дэмждэг. "Хү"-г мэдэхгүй эсвэл бидний тухай сонсоогүй хүмүүс байдаг гэдэгт эргэлзэж байна. Бид үндэснийхээ уламжлалыг шингээсэн рок хөгжим зохиож, дэлхий нийтэд түгээхийг эрмэлзэж байгаа учир бидэнд талархаж, урам өгдөг хүмүүстэй байнга таардаг”.


-Хоббиныхоо талаар хуваалцаач? (Энди Бөрнс,и-мэйл)

-"Бид бүгд спортод дуртай. Тэмка (Н.Тэмүүлэн, товшуур хөгжимчин) хөл бөмбөгт дуртай, харин Энхүүш (Б.Энхсайхан, гоцлол морин хуурч, хөөмийч) бөхийн спортоор хичээллэдэг, холимог тулааны урлаг сонирхдог. Жааяа (Г.Нямжанцан, аман хуурч, цуур, лимбэчин, хөөмийч) хөдөө очихдоо морь унах илүү дуртай. Би пауэрлифтингээр хичээллэж байгаа, бас нэлээд сайн сурч байгаа. Бид хамт олноороо явган аялал хийх дуртай. Цүнхээ баглаад л зүрх сэтгэлийнхээ дуудлагыг даган аялдаг даа.  Монгол бол үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй байгальтай орон юм”.


-Танай хамтлагийн олон дуу дайчин мэдрэмжийг төрүүлдэг. Сэтгэл гутралд орсон хүнд Та ямар зөвлөгөө өгөх вэ? (Жэй Жонс, и-мэйл)

-"Юуны өмнө өөрийгөө болон мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дараа нь амьд байгааг чинь мэдрүүлдэг зүйлсийг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дуртай хөгжмөө сонсож, дуртай уран бүтээлээ хийж, хүсэж тэмүүлж буй бүхнээ хийх хэрэгтэй. Сэтгэл гутрал нь цөхрөлд хүргэж, түүнээс гарахад маш хэцүү болгодог. Заримдаа дотоод хүч чадлаа буцаан олж авахаас нааш уг мэдрэмж салдаггүй. Тиймээс бидний дуу хөгжим танд хүчтэй, өөртөө итгэлтэй байдлыг үргэлж мэдрүүлж байх болно". 


-Танай хамтлагийн гайхалтай хувцсыг хэн оёдог вэ? (Жесс Алсоп, и-мэйл)

-"Бид Монголын олон уран бүтээлчтэй хамтран ажилладаг. Дизайны үндсэн санааг манай продюсер гаргаж, дизайнерууд өөрсдийн санаагаа нэмж баяжуулдаг. Тиймээс тайзан дээр таны харж байгаа хувцаснууд бол энэ хамтын ажиллагааны үр дүн юм. Бид тайзны хувцаслалтдаа цаашид илүү гүн гүнзгий санааг тусгахаар ажиллаж байгаа”.


а бүхэнд металл хамтлагаа байгуулахад юу нөлөөлж, ямар хамтлагууд урам өгсөн бэ? (Присцилла Клариса Стэнфорт, Фэйсбүүк)

-"Металл, рок хоёрын аль аль нь бидний зүрх сэтгэлд үргэлж эрхэм байсаар ирсэн. Бид хүүхэд байхаасаа л гитар, бөмбөр тоглож, үүнээсээ маш их баяр баясгалан, эрх чөлөөг мэдэрдэг байлаа. Хүннү рок жанрын тухай мэдсэн цагаасаа хойш уламжлалт хөгжмийн зэмсэг, рок хөгжмийг хослуулж уран бүтээл туурвих нь бидний хүсэл тэмүүлэл болсон".


-Хэдэн жилийн өмнө Та бидэнтэй монгол буузны гайхалтай жорыг хуваалцаж байсан шүү дээ. Та өөр ямар монгол хоол санал болгомоор байна? (Харри Мэтүэс, Фэйсбүүк)

-"Хөдөөгийн амтыг мэдрүүлсэн хорхог гэдэг монгол хоол бий. Үндсэндээ энэ хоол нь даралтаар жигнэсэн хонины мах л даа. Гэхдээ бид илүү амттай болгохын тулд махандаа халуун чулуу нэмж хийдэг. Зэрлэг гоньд, зэрлэг сонгино зэргийг нэмнэ. Энэ хоолны шөл нь хаван хөөх, стресс тайлах ач тустай. Мах нь маш зөөлөн, амин дэмээр баялаг, амт нь юутай ч зүйрлэшгүй. Та манай хөдөө нутагт зочилж, хорхог амсаж үзээрэй!” 


-Монголын соёлын талаарх хамгийн том ташаа ойлголтын тухайд? (Мэтт Пеннингтон,  и-мэйл)

-"Нүүдэлчин соёлтой учраас “хөгжсөн" нийгмийн бүх зүйлс байхгүй гэсэн үг биш шүү дээ. Ийм ташаа ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Манайд бусад том хот, улс орнуудын адил бүтээн байгуулалтууд бий. Та манай улсад очоод үзээрэй, нийгэмд хадгалагдаж буй нарийн тэнцвэрт байдлыг нүдээрээ хараад гайхна даа. "Танай гэрт цахилгаан байдаг уу?", “Та интернэт хэрэглэдэг үү?” гэх зэрэг маш олон асуулт биднээс асуудаг. Монголд Барууны соёлын юм бүхэн илүү биш ч дутахгүй л болов уу!”.


- “Хү” хамтлаг концепт цомгоо хэзээ гаргах вэ? (Жоаким Сноп, и-мэйл)

-"Концепт цомог гаргахад уран бүтээлчид, продюсерээс маш нарийн төлөвлөлт, уран сэтгэмж хосолсон олон чадварыг шаарддаг. Сайн концепт цомог гаргахад их цаг хугацаа хэрэгтэй. Аз болоход, бид хэдийн нэг концепт цомгоо эхэлчихсэн ажиллаж байна!”.


- ЮНЕСКО-гийн “энх тайвны төлөөх уран бүтээлч” байх нь ямар утга учиртай вэ? (Энди Бентон, Фэйсбүүк)

-"Бид ЮНЕСКО-той хамтран уугуул хэл, тэдгээрийн хэрэглээний талаар илүү их мэдлэг мэдээлэл түгээж, улс орнуудын соёлын ялгаатай байдлыг хэвээр хадгалах үйлсэд хувь нэмэр оруулна. Дуу, шүлэг, хөгжим бол тухайн бүс нутгийн аялга, соёлыг хадгалахад тусалдаг. Ялангуяа, дуу хөгжмийн түүх соёлын онцлогийг нь хадгалан тоглохын тулд уламжлалт хөгжмийн зэмсгийг ашиглах нь чухал. Аливаа соёлыг дээдлэхдээ хөгжмийн чухал ач холбогдлыг мартаж болохгүй. Тийм ч учраас бид дэлхий даяар уугуул иргэдийн соёлыг хадгалж, хамгаалахаар ЮНЕСКО-той хамтран ажиллаж байгаадаа баяртай байна".


-Монгол соёлоос суралцвал зохих хамгийн чухал зүйл? (Ажет Мансүхани, Твиттер)

-"Тэсвэр тэвчээр, няцашгүй зориг бол Монголын соёлоос олж харах хамгийн чухал шинж чанар юм. Бидний амьдарч буй орчин, ахуй байдал маань байгалийг ойлгож, маш их тэвчээртэй байхыг шаарддаг. Бид дуу болгондоо энэ мессежийг оруулж өгдөг”.

Related news