Их Британид 3D хэвлэгчээр бүтээсэн пуужингийн хөдөлгүүрийн туршилтыг эхлүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИЛОНДОН. /Sky News/. Их Британийн Эдинбург хотын “Skyrora” компани 3D хэвлэгчээр бүтээсэн пуужингийн хөдөлгүүрийн туршилтыг эхлүүлжээ.
"3D принтерээр "хэвлэсэн" шинэ хөдөлгүүрийг Шотландын Мидлотиан тойргийн туршилтын төвд туршиж эхэллээ" гэж "Sky News" суваг мэдээлжээ. Тус сувгаар мэдээлснээр, гурван хэмжээст хэвлэгчийг ашигласнаар хөдөлгүүрийг бүтээх хугацаа хоёр дахин багасаж, өмнөх загваруудтай харьцуулахад зардал буурсан байна. Хөдөлгүүрийн туршилт амжилттай болбол тус компани үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
"Skyrora" компани нь пуужингийн хөдөлгүүрээ "Skyprint 2" хэвлэгчээрээ анх удаа бүтээсэн байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн гуравдугаар сард АНУ-д 3D хэвлэгчээр бүтээсэн “Terran 1” пуужинг хөөргөсөн боловч хөдөлгүүрүүдийн нэг нь доголдсоноос тойрог замд хүрч чадаагүй юм. Уг пуужинг бүтээгч “Relativity Space” компани вэб хуудсандаа мэдээлэхдээ, есөн хөдөлгүүрийг нь оруулаад “Terran 1”-ийн 85 хувийг 3D принтерээр бүтээсэн хэмээн онцолсон байна.