Хэт халалт хүнсний хямрал үүсгэж болзошгүйг эрдэмтэд анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-07-22 15:50:57

ЛОНДОН. /The Guardian/. Европ, АНУ, Хятадыг хамарсан халууны давлагаа газар тариалан, шүрэн хадад сөргөөр нөлөөлж, дэлхийн хүнсний хямралыг үүсгэж болзошгүй гэж Их Британийн Лидсийн их сургуулийн профессор Жон Маршам анхааруулжээ.


"Дэлхийн янз бүрийн бүс нутагт ургац алдах эрсдэл нэмэгдэж байгаа нь хүнсний хүртээмж, түүний үнэ өртөгт сөргөөр нөлөөлнө" гэж тэрбээр “The Guardian” сонинд ярьжээ.


Эрдэмтдийн таамаглаж байгаагаар 2040 он гэхэд халууны давлагаа 12 дахин их бүртгэгдэх бөгөөд энэ нь байгальд халууны давлагаанаас сэргэх хугацаа байхгүй болно гэсэн үг юм.


Хэт халалт мөн "жилийн турш тогтвортой температурт дассан байдаг" халуун орны шүрэн хаднуудад нөлөөлж байгаа бол шүрэн хаднууд нь хөгжиж буй орнуудын 500 сая орчим хүний ​​хоол хүнсний эх үүсвэр болдог.


"Хэрэв бид яаралтай арга хэмжээ авахгүй бол эдгээр экологийн тогтолцоо алга болно" гэж Маршам хэлэв.


Энэ жил Франц, Итали зэрэг Европын олон оронд хэвийн бус халуун цаг агаар ажиглагдаж байна. Грек, Швейцар, Испанид хэт халууны улмаас түймэр гарчээ. 


Энэ сарын 19-нд Италийн Сицили, Сардини арлуудад агаарын температур 48.8 хэмд хүрч Европын дээд үзүүлэлтэд ойртсоор байгаа бол Токиогоос АНУ-ын Финикс хот хүртэл урьд өмнө үзэгдээгүй халууны давлагаа манай гаргийг бүхэлд нь нөмрөөд байна.


Дэлхийн цаг уурын байгууллагаас цаг агаарын эрс тэс нөхцөл "шинэ ердийн үзэгдэл" болох магадлалтай гэж үзэж байна. Хэт халалтын оргил үе хараахан болоогүй байгаа бөгөөд ирэх наймдугаар сард үргэлжлэх төлөвтэй байгааг тус байгууллага анхааруулж байна. 

Related news