Mobile Legends: Bang Bang төрөлд Монголын “Team Lilgun” баг түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-07-24 11:11:52

КАЗАНЬ. /TASS/. ОХУ-ын Казань хотноо болж буй ес дэх удаагийн “Phygital games” тэмцээний Mobile Legends: Bang Bang (MLBB) төрөлд Монгол Улсын “Team Lilgun” баг түрүүллээ. 


“Team Lilgun” финалын тоглолтод Мьянмарын “Falcon Esports” багийг хожжээ. Гуравдугаар байрын төлөөх тоглолтод Оросын “Deus Vult” баг Туркийн “Fire Flux Impunity”-д хожигдсон байна. 


"Маш баяртай байна. Багийн найзуудаараа маш их бахархаж байна. Бид маш удаан, шаргуу бэлтгэл хийсэн тул санаа зовох зүйл байгаагүй. Бид өөр тэмцээнд оролцсоныхоо дараа урт нислэг хийж ирсэн. Бид ялахын тулд энд ирсэн. Багийн хувьд бид гурван жил хамт тоглож байгаа болохоор маш сайн ойлголцдог, энэ нь бидэнд их тус болсон" гэж Монголын багийн гишүүн Б.Батжаргал сэтгэгдлээ хуваалцжээ.


Монголын тамирчин мөн тэмцээний зохион байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа дурдаад тэмцээний хамгийн хүчтэй багаар Оросын “Deus Vult” багийг онцоллоо.


“Phygital games” тэмцээний MLBB-ийн тэмцээнүүд долоодугаар сарын 20-23-ны өдрүүдэд "Казань экспо" олон улсын үзэсгэлэнгийн төвд явагджээ. Энэ төрөлд АНЭУ-ын "Okami E-sports", "AXE", Камбож улсын "Team Max", Монголын "Team Lilgun", Малайзын "Team HAQ", Туркийн "Fire Flux Impunity", Мьянмар улсын "Falcon Esports", ОХУ-ын "Deus Vult" гэсэн найман баг оролцсон байна.  


Долоодугаар сарын 24-27-нд уг үзэсгэлэнгийн төвд “Dota 2” тэмцээн болно. Тэмцээнд  “Infamous Gaming, Infinity”, “Thunder Awaken” (Перу улсын багууд), “Polaris Esports”, “Neon Esports” (Филиппин), “Hydra” (Киргиз), “Ualeikumnihao” (Казахстан), “One Move” (Орос) гэсэн 8 баг оролцоно. 


“Phygital games” тэмцээнийг 2024 оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 2-ны хооронд Казань хотноо болох “Games of the future” тэмцээний өмнө зохион байгуулж байгаа юм. Уг тэмцээний шагналын сан 25 сая ам.доллар байх аж. 


Related news