АНЭУ “COP28”-ын үеэр идэвхтнүүдийг тайвнаар жагсахыг зөвшөөрнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-08-02 11:24:29

АБУ-ДАБИ. /AFP/. АНЭУ энэ жилийн НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх чуулганы үеэр байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдэд “тайвнаар жагсаал цуглаан хийхийг” зөвшөөрнө гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.


Газрын тосны арвин нөөцтэй АНЭУ Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 28 дахь удаагийн чуулганыг /COP28/ бизнесийн төв Дубай хотдоо энэ оны 11-12 дугаар сард зохион байгуулна. Тус улсад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад албан ёсны зөвшөөрөл шаардлагатай байдаг бөгөөд үймээн самуун үүсэж болзошгүй гэж үзсэн жагсаал цуглааныг хориглодог байна.


"НҮБ-ын чуулганы үеэр байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдэд тайвнаар жагсах, дуу хоолойгоо өргөх орон зайг олгох болно" гэж АНЭУ мэдэгджээ. Энэ талаар Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцтой хамтран гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ. Хамтарсан мэдэгдлийг АНЭУ-ын “WAM” агентлаг нийтэлсэн байна. COP28” чуулганыг даргалагч Султан Аль-Жабер, Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Саймон Стилл нар чуулганыг зохион байгуулах тухай хоёр талын хэлэлцээрт Абу-Даби хотноо гарын үсэг зурсны дараа дээрх мэдэгдлийг гаргажээ. 

Related news