Брэйт Дон: Монголд дахин ирж “Бүргэдийн баяр” үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-06 10:42:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ын үеэр Австрали улсын иргэн, фермер эрхлэгч Брэйт Доноос Монголд аялж байгаа сэтгэгдлийг нь сонирхлоо.


-Монгол оронд ирээд хэр удаж байна вэ?

-Монголд аялахаар ирээд дөрвөн долоо хоногийг маш сайхан өнгөрүүлж байна. Монголд ирсэндээ үнэхээр баяртай байна. Улсын үндэсний баяр наадмыг Улаанбаатар хотод үзэж сонирхсон. Эрийн гурван наадам гайхалтай санагдсан шүү.


-Хөдөө орон нутгаар аялав уу?

-Би говьд дуртай. Монголын говийг үзэж сонирхохоор Өмнөговь аймагт очсон. Хөдөө орон нутаг нь маш үзэсгэлэнтэй гоё, хүмүүс нь ч эелдэг сайхан харилцаатай юм. Үнэхээр мартагдахгүй сайхан аялж байна.


-Өмнө нь Монголд ирж байсан уу?

-Монголд анх удаа ирж байна. Би Австралидаа фермерийн аж ахуй эрхэлдэг. Энд ирээд морь, тэмээ, хонь ямаа, үхэр гээд таван хошуу мал өргөн уудам нутагтаа бэлжиж байгааг харах сайхан санагдсан. 


-Та гэр бүлийнхэнтэйгээ аялж яваа юу?

-Үгүй ээ, Монголд ганцаараа аялж байгаа. Удахгүй миний эхнэр, охин есдүгээр сард Монголд ирнэ. Бид хамтдаа Баян-Өлгий аймагт болох "Бүргэдийн баяр" үзэж сонирхохоор төлөвлөсөн байгаа.


-“Даншиг наадам-Хүрээ цам”-ын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Өнөөдрийн наадам гайхалтай сайхан байлаа. Сур харваа, хурдан морьдын уралдаан, өвөрмөц сонин өмсгөл бүхий цам бүжиг сонирхолтой байсан. Надад Монгол орон үнэхээр таалагдлаа. 

Related news