Дэлхийн хамгийн эрт үеийн эрэгтэй бэлэг эрхтний дүрслэл Монголоос олдсон байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-19 13:56:56

ВАШИНГТОН./Scientific Reports/. Бал чулуугаар 42 мянган жилийн өмнө сийлсэн шодой хэлбэртэй хүзүүний зүүлт нь одоогоор мэдэгдэж байгаа дэлхийн хамгийн эртний эрэгтэй хүний бэлэг эрхтнийг дүрсэлсэн (фаллус) олдвор байж магадгүй байна.


Монгол Улсын Хангайн нурууны хойд хэсэгт Их Төлбөр голын хөндийд орших Төлбөр-21 хэмээх суурингаас (Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг) уг олдворыг археологичид 2016 онд олжээ. Энэхүү хүзүүний зүүлт нь 43.4 мм урттай, 21.4 мм өргөн, 13.9 мм  зузаан юм.


Эрдэс судлал, микроскоп болон ругосиметрийн шинжилгээний үр дүнд палеолитын үеийн уг олдворыг ойролцоогоор 42,000 жилийн өмнө, эртний гар урчууд 100 орчим километрын зайтай газраас зөөж авчирсан бал чулууг ашиглаж хийсэн гар урлалын бүтээл болохыг тогтоожээ.


Палеолитын үед хамаарах ийм гурван хэмжээст урлагийн бүтээлийн олдвор урьд өмнө олдож байгаагүй тул энэ зүүлт нь хамгийн эртний фаллус олдвор юм.

Төлбөр 21 суурингаас зөөлөн чулуу, яс, цацагт хяруулын өндөгний хальс, зааны ясаар хийсэн гоёл чимэглэлийн бусад эдлэл мөн олджээ.


Эртний хүмүүс тус бүс нутагт тархаж суурьшихаас ч өмнө эрэгтэй хүний бэлэг эрхтний анатомийн бэлгэдлийг ашиглаж байсныг уг олдвор гэрчилж байна.


Энэхүү зүүлт нь цаг хугацааны хувьд хомо сапиенс ба Денисовын хүний хоорондох генетикийн хувьсал эхлэх үед хамаарах бөгөөд уг бүтээлийг урласан гэхэд үнэмшимгүй бүс нутгаас олдсоноороо судлаачдын анхаарлыг татаж байна.


Дүрслэх урлаг, уран баримлын үүсэл гарал түүний дотор бэлэг эрхтний дүрслэлийн талаарх асуудал нь эртний  хомо  сапиенсийн  тархан суурьшилт болон эсвэл тэдний танин мэдэхүйн хөгжлийн талаарх  асуудалтай холбоотой байдаг тул судлаачдын дунд маргаан дагуулдаг.


Хамгийн эртний дүрсэлж бүтээсэн олдвор нь Европт 37 мянган жилийн өмнө,  Африкт 30 мянган жилийн өмнө, харин Зүүн Өмнөд Азид 50-40 жилийн өмнө бүтээгдсэн байдаг.


Монголоос олдсон  уг хүзүүний зүүлт нь Европын ижил төстэй олдворуудаас дор хаяж 5000 жилийн өмнө бүтээгдсэн бөгөөд Борнео, Индонезийн агуйн зурагтай ойролцоо настай юм.

Энэхүү зүүлтийг зүүж хэрэглэдэг байсан нь илт байгаа хэдий ч өдөр тутмын хэрэглээ байсан эсэх нь тодорхойгүй байна. Эрэгтэй хүний бэлгэдлийн хувьд, уг зүүлтний нийгэм, зан үйлийн чиг үүргийн талаарх асуудал эргэлзээтэй хэвээр байгаа аж.


Scientific reports сэтгүүлд уг судалгааны  тайланг нийтэлжээ.

Related news