Улсын нэр томъёоны комиссыг сэргээн байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-16 10:56:34

Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд Орон тооны бус салбар зөвлөл болон “Улсын нэр томъёоны комисс”-ыг сэргээн байгуулах болсон талаар мэдээллээ.  

Монгол хэлний хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар энэ хуулийн хэрэгжилтийг хангах, түүнтэй холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах гэж заасны дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд Орон тооны бус салбар зөвлөлийг байгуулж байгаа аж.

Эдүгээ Монгол Улс дэлхийн дахинаа  олон талт нээлттэй гадаад бодлого баримтлах болсонтой холбоотойгоор шинэ нэр томьёо буй болж байна. Энэ нь хэлний дархлаанд нөлөөлж байгаа тул эдгээр үг хэллэгийг орчуулах, нэр томьёог оноон тогтоох зайлшгүй шаардлага үүсч, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд “Нэр томъёоны комисс”-ыг сэргээн байгуулж байна.

Монгол Улсын хэмжээнд  Орон тооны бус салбар зөвлөлийг байгуулж ажилласнаар хууль хэрэгжих орчин бүрдэж, харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд /аймаг, нийслэл, сум, дүүрэг, яамд/ монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чухал ахиц гарах юм.

Монгол хэлний хуульд эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томъёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томъёог хэлэлцэн батлах тухай заалт бий. Энэ заалтыг нэр томъёоны комисс цаашид мөрдөж, комиссын гишүүн байгууллагуудтай нягт хамтран ажиллах юм.

Дашрамд дурдахад, “Судар бичгийн хүрээлэн”-гийн дэргэд 1924 оны гуравдугаар сарын 28-нд “Нэр томъёоны комисс”-ыг 10 салбар  комисстойгоор байгуулж байсан түүхтэй. Энэ нь Монгол Улсын дотор дагаж,  мөрдөх бүх нэр томъёог эрдэм шинжилгээний үндэстэйгээр боловсруулан баталж, түүнийг нийтээр журамлах ажлыг эрхлэн явуулдаг улсын байгууллага байжээ. Үүний үр дүнд  “Нэр томъёоны комиссын мэдээ” сэтгүүл хэвлэгдэн бүх төрийн байгууллагуудад хүрдэг байсан уламжлалтай. Тус комисс байгуулагдсанаас хойш бүх шинжлэх ухааны салбар бүрээр 147 цуврал сэтгүүлийг гаргасан байдаг аж.

Улмаар  “Нэр томъёоны комисс”-ыг сэргээн байгуулснаар “Нэр томъёоны комиссын мэдээ” сэтгүүл  хэвлэгдэх юм. 

Ж.Болор

Related news