БАЯН-ӨЛГИЙ: Айл өрхүүдэд нийлүүлэх цэвэр усны үнийг 62,5 хувиар нэмэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-08 11:49:16

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын айл өрх, албан байгууллагуудад цэвэр, бохир усны үйлчилгээ үзүүлдэг "Суат" компани үйлчилгээний тарифаа энэ сарын 1-нээс нэмэгдүүлж байна.


Учир нь Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны өнгөрсөн сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолоор тус компанийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн баталсан аж.


Тодруулж хэлбэл, өмнө нь тоолууртай айл өрхүүдэд 1 тонн цэвэр усыг 750 төгрөгөөр нийлүүлж, бохир усыг тонн тутамдаа мөн 750 төгрөгөөр тооцдог байсан. Тэгвэл шинэ тарифаар айл өрхүүдийн цэвэр, бохир усны үйлчилгээ тонн тутамдаа 1200 төгрөг болж 450 төгрөгөөр өсжээ. Энэ нь өмнөх тарифаас 62,5 хувиар өссөн үзүүлэлт юм.


Харин тоолуургүй айлуудын нэг өрхийн гишүүний хоногийн хэрэгцээг 200 литр усаар тооцож, сард 21725 төгрөгөөр тогтоосон байна.


Шинэчилсэн тарифаар тус аймгийн аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд 1 м3 усыг 4200 төгрөгөөр, спирт, ундаа, архи, пиво, жүүс, усны үйлдвэр, автомашины угаалгын газрууд 4500 төгрөг, ноос, ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд 4800 төгрөгөөр тус тус тооцож төлнө.  

 

Related news