Мароккод хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-09-09 11:59:03

РАБАТ. /RT/. Мароккод болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 296 болж, 153 хүн гэмтэж бэртсэн тухай Мароккогийн мэдээллийн агентлаг Дотоод хэргийн яамны мэдээллийг эш татан уламжилжээ.


Өмнө нь 93 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан юм. Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн (EMSC) мэдээлснээр, 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Марракеш хотоос 80 километрийн зайд болсон байна.


“Goud” цахим хуудсанд мэдээлснээр, Эль-Хауз, Чичауа, Уарзазат мужууд болон Марракеш хотод олон арван хүн амиа алджээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад цахилгаан эрчим хүч, үүрэн холбооны сүлжээ тасарсан байна. Мароккогийн аялал жуулчлалын төв, соёлын нийслэл болох Марракеш хотод, мөн тус улсын рашаан сувиллын хамгийн том хот болох Агадирд олон барилга, байгууламж нуржээ.


Газар хөдлөлтийн чичирхийлэл Агадир, Касабланка, Кенитра, Рабат, Эссауира зэрэг Мароккогийн хэд хэдэн томоохон хотод мэдрэгджээ. Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд байгалийн гамшгаас учирсан хохирлыг үнэлж байна.  


Мароккогийн Үндэсний геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр, орон нутгийн цагаар баасан гаргийн 23:11 цагт 7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Марракеш-Сафи бүс нутагт багтдаг Эль-Хауз мужийн нутагт 8 км-ийн гүнд байсан байна. 


Мароккод өмнө нь 2004 оны хоёрдугаар сарын 24-нд хойд нутгийн Эль-Хосейма мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, 628 хүн амиа алдаж байжээ. 

Related news