Мароккод газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-09-11 15:10:56

РАБАТ. /Reuters/. Мароккод 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний 2122-т хүрч, 2421 хүн гэмтэж бэртээд байна гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас ням гарагт мэдээлэв. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд 1404 хүний биеийн байдал хүнд байна.  


Мароккогийн Эль-Хауз, Тарудант, Чишава, Тизнит, Марракеш, Азилаль, Агадир, Касабланка, Юсуфиа мужуудад хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгджээ. Хойд Африкийн энэ улсад сүүлийн зуунд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ болсон тухай Геофизикийн үндэсний хүрээлэнгээс мэдээлсэн байна.


АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, баасан гаргийн 23:00 цагийн орчимд болсон газар хөдлөлтийн голомт нь Марракеш мужаас зүүн өмнөд зүгт 75 км зайд, 18.5 км-ийн гүнд байжээ. Улмаар Марракешт нөхцөл байдал маш хүнд байгаа бөгөөд олон байшин барилга нурж сүйдэж, оршин суугчид нурангид дарагдсан хэвээр байна.


Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан соёлын байгууллагын /UNESCO/ Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн эртний хотын эргэн тойрон дахь улаан хана зэрэг олон барилга сүйдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Мароккогийн Зэвсэгт хүчний зүгээс ард иргэдэд анхаарал сэрэмжтэй байхыг уриалсан бөгөөд газар хөдлөлтийн дараах чичирхийллээс өөрсдийгөө хамгаалахын тулд аюулгүй газруудад очихыг зөвлөж байна.


Газар хөдлөлтийн чичирхийлэл хөрш залгаа оршдог Алжир, Мавритани улсуудад мэдрэгджээ. Мароккогийн эрх баригчид газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүсүүдэд тусламж хүргэх ажиллагааг эхлүүлсэн тухай төрийн мэдлийн “MAP” агентлаг мэдээлсэн байна. Тус улсын зүүн хойд нутагт 2004 онд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас мөн 600 гаруй хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртэж байв. 

Related news