"Соёлын өвсний үндэс" хөтөлбөрөөр "Мэргэд" сургуулийн сурагчдын япон хэл сурах орчинг сайжруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2023-10-01 15:38:23
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн "Соёлын өвсний үндэс" хөтөлбөрөөр  Өвөрхангай аймгийн "Мэргэд" сургуулийн сурагчдын япон хэл сурах орчин сайжирч, орон нутаг дахь гадаад хэлний жишиг сургуулийн хэмжээнд хүрээд байна. 


"Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд "Мэргэд" лаборатори сургуулийн япон хэлний ангийг засварлах төсөл”-ийн 40,091 ам.долларын гэрээнд  анх 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Японы Элчин сайд Х.Кобаяши, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар гарын үсэг зуржээ.


Улмаар төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Баян их наяд” ХХК тус сургуулийн япон хэлний ангийг засварлан бүрэн тохижуулж, ширээ, сандал, самбараас гадна компьютер, принтер зэрэг мэдээлэл, технологийн тоног төхөөрөмжийг нийлүүлэн сургалт явуулах орчин, нөхцлийг сайжруулж 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн байна. Төслийн үр дүнд мэдээлэл, технологийн хэрэгслийг ашиглан хүүхэд бүрт хүртээмжтэй сургалт явуулах боломжтой болж, ангийн шал, хаалга, тааз, хана, гэрлийг засаж, ширээ, сандал, компьютер, ухаалаг самбар, принтер зэрэг хэрэгсэл, тоног төхөөрөмж бүхий япон хэл сурах хамгийн таатай орчинг бүрдүүлж өгчээ. Ийнхүү япон хэлний ангийг тохижуулснаар хүүхдүүдийн сурах орчин нөхцөл сайжирч, Японы Хоккайдо Такикава ахлах сургуультай онлайнаар идэвхтэй харилцахаас гадна өөрийн болон бусад аймгийн боловсролын байгууллагуудад гадаад хэлний боловсрол олгох загвар анги болсон байна.


"Мэргэд" лаборатори сургуулийн захирал Н.Норгинханд, 1997 онд байгуулагдсан тус сургууль нь сурагчдад ерөнхий боловсрол олгохоос гадна 3-12 дугаар ангийн хүүхдүүдэд япон хэлний төрөлжсөн сургалт явуулдаг орон нутаг дахь цорын ганц сургууль гэдгийг тодотгоод өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд 1000 гаруй хүүхдийг япон хэлний мэдлэгтэй болгож төгсгөсөн. Япон Улстай 1998 оноос харилцаа тогтоож, 2005 оноос Хоккайдо Такикава ахлах сургуультай идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ жил манай сургуулийн япон хэлний ангийг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж хүрээнд шинэчлэн тохижууллаа. Сурагчдын сурах орчныг сайжруулах ажлыг дэмжиж ажилласан Япон Улсын Засгийн газар, Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яамны хамт олонд сурагчид, эцэг эхчүүд, нийт багш ажилчдынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье хэмээлээ.


Шинэ хичээлийн жилдээ шинэхэн тохижуулсан япон хэлний танхимдаа хичээллэж буй сурагчид ч урам зоригтой, сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн байна.

"Мэргэд" сургуулийн 11Б ангийн сурагч Н.Мишээл:

-Манай сургуулийн хүүхдүүд 3 дугаар ангиасаа эхэлж япон хэл үздэг. Ихэнх нь 7-9 жил япон хэл сурч байгаа хүүхдүүд байгаа. Япон хэл сурдаг бүх хүүхэд япон хэлний танхим маань ийм орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, сурах таатай орчинтой болсонд баяртай байгаа. Энэ танхим маань тав тухтай, цэвэр цэмцгэр орчинтой болохоор бид нар болон манай дүү нар хичээлээ хийх улам дуртай болсон. Бид нар хичээл орохдоо U-class гэдэг программыг ашигладаг. Энэ программаар багш маань биднийг хурдан хянадаг болсноор хичээлийн цагийг хэмнэж өгдөг болсон. Жил болгон манай сургууль дээр япон хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Энэ шалгалтыг энд япон хэл сурч байгаа бүх хүүхэд өгч, жил бүр түвшингээ ахиулаад явдаг. Энэ жил шинэ танхимтай болсноороо багштайгаа улам ойртож, хүссэн үедээ компьютер, чихэвчээ ашиглаад сонсгол, уншлагын дадлагаа хийх боломжтой болсон. Шинэ танхим маань бид нарыг сонирхолтойгоор япон хэлээ сурахад тусалж байгаа. Ирээдүйг маань гэрэлтүүлж, ийм гоё орчин үеийн цахим танхимтай болгож өгсөн Япон Улсын Засгийн газар, Японы Элчин сайдын яаманд талархаж байгаагаа илэрхийлье.


"Мэргэд" сургуулийн 12А ангийн сурагч Ц.Санжаажамц:

-Миний хувьд япон хэлийг 3 дугаар ангиасаа хойш үзэж байгаа, энэ жил 10 дахь жилдээ үзэж байна. Жил болгоны 12 дугаар сард манай сургууль дээр япон хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Би өмнө нь М4, М5 түвшингээ хангасан, энэ жил М3 шалгалт өгөхөөр бэлтгэж байна. Япон хэлний хичээлийн шинэ танхимтай болсноороо сурагчдын сурах арга барилд маш том өөрчлөлт орсон. Компьютер, техник хэрэгсэлтэй болсноор биднээс бүтээлч ажиллагаа шаардаж, энэ нь зөвхөн япон хэлний төдийгүй бусад ур чадварыг нэмэгдүүлж байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


"Мэргэд" сургуулийн хүүхдүүд япон хэл сурахын зэрэгцээ япон соёл, зан заншилд суралцаж байна. Үүнийг чиглүүлэгч нь япон хэлний багш Д.Дуламсүрэн юм. Тэрбээр "Мэргэд" сургуульд япон хэлний багшаар 25 дахь жилдээ ажиллаж байгаа, Монгол Улсын “Зөвлөх” зэрэгтэй, Үндэсний шилдэг багш. Д.Дуламсүрэн багш Япон улсад мэргэжил дээшлүүлсэн, орон нутаг дахь япон хэлний сургалттай цорын ганц сургуулийг үүсэн байгуулагдсан цагаас хүүхдүүдэд хичээл зааж байгаа, шинээр тохижуулсан япон хэлний танхимыг хариуцан ажиллуулдаг эрхэм билээ. Тэрбээр "Манай хүүхдүүд 3-12 дугаар ангидаа япон хэл үзээд төгсдөг. Төгсөгчдийн маань ихэнх цаашдаа Засгийн газрын тэтгэлэг болон бусад шугамаар Японд сурч, зарим нь үргэлжлүүлэн тэндээ ажилладаг онцлогтой. Манай сургууль япон хэлийг заахын хажуугаар японы ёс заншил, ахуй соёл, сэтгэлгээний онцлогийг хүүхдүүддээ танилцуулж, зааж сургадаг. Одоо манай сургуульд 300 гаруй хүүхэд япон хэлийг сурч байна. Япон хэлний шинэ танхимтай болсон нь хүүхдүүдийн урам зоригийг сэргээсэн үйл явдал болсон. Энэ танхим маань бүрэн цахимжсан, бүх хүүхэд компьютер, техник хэрэгсэлтэй, U-class гээд олон улсын программын дагуу хичээлээ үзэж байна. U-class программ бол хүүхэд багштайгаа болон бусад суралцагчидтайгаа хийж байгаагаа хуваалцдаг, багш дэлгэцээс хэн юу хийж байгаа, хэнд ямар асуудал тулгараад байгааг шууд мэдэж тусалж бүрэн ойлголцдог ийм программ. Хүүхдүүд өдөр япон хэлний хичээлээ үзэхийн зэрэгцээ хичээлийнхээ дараа бас хэлээ давтах, япон хэлний түвшин тогтоох шалгалтдаа бэлтгэх зэргээр орой болтол энэхүү шинэ танхимдаа ажилладаг. Сургалтын маш таатай орчин бүрдсэн. Хүүхдүүд энэ танхимдаа хамт олноороо хичээлээ үзэж, давтах дуртай болсон. Өөрөөр хэлбэл, сургуулийн япон хэлний ангийг засварлан, тохижуулснаар сурагчдын идэвх улам сайжирч, япон хэлэнд дур сонирхолтой болж, япон хэл сурах сурагчдын тоо ч нэмэгдэх хандлагатай байна. Олон улсын U-class программ ашиглахад багшийн заах арга бас шинэчлэгдэж байгаа. Хичээлээ илүү сонирхолтой байдлаар бэлтгэн заах зэрэг арга зүйн чадамж, чадварууд нэмэгдэж байна" гэж ярилаа. 


Монгол Улс дахь Япон Улсын ЭСЯ-ны Соёл, боловсролын хэлтсийн 2-р нарийн бичгийн дарга Ито Ёрико "Мэргэд" сургуулийн япон хэлний ангийг шинэчлэн тохижуулсантай танилцаж, багш, сурагчидтай уулзсан юм. Энэ үеэр тэрбээр:

-Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн олон хөтөлбөр байдаг. Түүний нэг нь "Соёлын өвсний хөтөлбөр" юм. Олны мэдэх "Өвсний үндэс" хөтөлбөр бол хүний аюулгүй байдлыг хангах хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байшинг засварлах, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлыг хийдэг бол "Соёлын өвсний үндэс" хөтөлбөр нь соёл, боловсрол, спортын холбогдолтой, тэр дотроо япон соёл, боловсролтой холбоотой ажлуудыг дэмжиж ажилладаг. Энэ удаад "Соёлын өвсний үндэс" хөтөлбөрөөр Өвөрхангай аймгийг "Мэргэд" лаборатори сургуулийн япон хэлний ангийг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн юм. Тухайлбал, ангийн шал, хана, тааз, гэрлийг бүрэн сольж засварлаж, ширээ, сандлыг шинэчилсэн. Мөн компьютер, ухаалаг самбар, принтер зэрэг сургалтад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгсөн. Үүнд, сурагчдын 32 компьютер, ширээ, сандал, чихэвч, багшийн компьютер, ухаалаг салбар, принтер, сургалтын U-class апплекейшн багтаж байгаа. Өнөөдөр ирээд танилцахад багш, сурагчид япон хэлний шинэ анги танхимтай болсондоо үнэхээр сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байна. Сургалтын таатай орчин ийнхүү бүрдсэнийг дагаад цаашид япон хэл сурах хүүхдүүд улам олон болж, илүү их үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна хэмээв. 


Орон нутгийн зүгээс ч "Мэргэд" сургуулийн япон хэлний сургалтын орчин шинэчлэгдэж байгаад талархалтай байгаа аж. Энэ талаар Өвөрхангай аймгийн БШУГ-ын гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Ажрахгүй "Өвөрхангай аймагт япон хэл үзэж судалдаг ганц сургууль байдаг нь "Мэргэд" сургууль. Тус сургуулийн багш, удирдлагууд сургалтын чанар болон хүүхдийн хөгжилд маш их анхаарч ажилладаг. Жил болгон япон хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Хүүхдүүд нь төгсөөд Японд сурч, ажиллахаар явдаг ийм сургууль. Япон Улсын хөгжлийн тусламжийн хүрээнд тус сургуулийн япон хэлний танхимыг иж бүрэн тохижуулсан нь зөвхөн "Мэргэд" сургуулийн төдийгүй Өвөрхангай аймгийн нийт сурагчдад япон хэл сурах боломжийг нээж өгсөн сайхан арга хэмжээ болж байгаа тул орон нутгийн зүгээс талархал илэрхийлж байна" гэлээ.



















Related news