Хятадын төрийн албан хаагчдад “iPhone” хэрэглэхийг хориглоогүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-09-14 14:42:39

БЭЭЖИН. /CNBC/. Хятад улсын төрийн албан хаагчдад гадаадын гар утас хэрэглэх, худалдан авахыг хориглосон хууль тогтоомж, дүрэм журам гаргаагүй гэж тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ лхагва гарагт мэдэгджээ.


Хятад улс Apple зэрэг гадаадын брэндүүдээс ухаалаг гар утас худалдан авах, ашиглахыг хориглосон хууль, дүрэм журам, бодлогын баримт бичиг гаргаагүй гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Бээжин хотод лхагва гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Өнгөрсөн долоо хоногт “The Wall Street Journal” сонинд Хятадын төв засгийн газрын агентлагуудын ажилтнуудад iPhone гар утсыг ажлын зориулалтаар ашиглахыг, цаашлаад ажлын байрандаа ийм ухаалаг гар утас авчрахыг хориглосон тухай эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн юм. Ийм мэдээлэл гарсны дараа Apple-ийн хувьцаа 4 хувиар унасан байна. Хятад улс уг хоригийг засгийн газрын дэмжлэгтэй агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хамруулан өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж Bloomberg” агентлаг мөн уг мэдээлэлд ойр эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.


Хятадын эрх баригчид хоригийн талаар амаар эсвэл чат группээр дамжуулан мэдэгдэж байгаа боловч энэ талаар албан ёсны удирдамж байхгүй байна гэж “The Wall Street Journal” мэдээлж байв. Харин Хятадын Гадаад хэргийн яам гадаадын утас ашиглахыг хориглосон албан ёсны бодлого байхгүй гэж мэдэгдсэн боловч албан бус удирдамжийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.


Apple” компанийн хувьцаа лхагва гарагт буюу шинэ “iPhone 15” гар утаснуудаа танилцуулснаас нэг хоногийн дараа 1 хувиар унажээ.

Related news