Тархины чипний туршилтад оролцох хүмүүсийг бүртгэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-09-20 15:05:06

САН-ФРАНЦИСКО. /neuralink.com/. Америкийн тэрбумтан Илон Маскийн “Neuralink” компани хиймэл эрхтнүүдийг удирдах боломжтой чипийг тархинд суулгах туршилтад сайн дураараа оролцох хүмүүсийг бүртгэж эхэлжээ. 


“Хүн дээр хийх эмнэлзүйн анхны туршилтад оролцогчдыг бүртгэж эхэлснийг дуулгахад таатай байна!" гэж тус компани X олон нийтийн сүлжээний хуудсандаа мэдээлсэн байна. Туршилтад нугасны хүзүүний хэсгийн гэмтэлтэй, мөн булчингийн хатингаршлын улмаас саажилттай болсон хүмүүс оролцох боломжтой ажээ.


“Neuralink” гарааны компанийг И.Маск 2016 оны долоодугаар сард байгуулсан бөгөөд тус компани хүний тархинд суулгаж болох чипүүдийг зохион бүтээж байна. Мэдрэлийн ийм интерфэйсүүд нь алс ирээдүйд хүнийг хиймэл оюун ухааныг эсэргүүцэх чадвартай киборг болгох боломжтойгоос гадна бодлын хүчийг ашиглан компьютерыг шууд удирдаж сурахад тусална гэж тэрбээр үзэж байгаа юм.




Related news